ГОВЬ-АЛТАЙ: “Денан” төслөөс дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан “Денан” төслийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвд дизель генератор хүлээлгэж өглөө.
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр эрүүл мэндийн төслийг Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос хэрэгжүүлж байна.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай:
-“Чандмань сумын Эрүүл мэндийн төвд болзошгүй үед ашиглах нөөц цахилгаан үүсгүүр болох дизель генератор өглөө. Дизель генератор нь өндөр хүчин чадалтай, удаан хугацаад ашиглах боломжтой” гэдгийг мөн үеэр хэлж байлаа.
Манай сум цахилгаанаа Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос авдаг. Эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй газар учраас цахилгааны тасалдал их үүсдэг. Тиймээс сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад энэ дизель генераторыг ашиглах болсондоо баяртай байна хэмээн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ ярив.
Энэхүү төслийн санхүүжилтээр тус сумын эрүүл мэндийн төвд шүдний кабинет байгуулж, эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн, сумын эрүүл мэндийн төвд шаардлагатай авто машин, тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад удаа дараа дэмжлэг үзүүлж байсан юм.
“Денан төсөл”-ийн санхүүжилтээр эрүүл мэндийн төслийг Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос, Завхан аймгийн Түдэвтэй суманд 2025 оноос хэрэгжүүлж байгаа бол өмнө нь Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал суманд амжилттай хэрэгжүүлсэн байна.
Улаанбаатар