Ардчилсан Үндсэн хуулийг батлахад Баянхонгор аймгаас 21 төлөөлөгч оролцож байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар 430 депутат шинэ Ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд Баянхонгор аймгаас 21 депутат оролцож байжээ.
Тодруулбал, П.Пүрэвгял, О.Нямдаваа, Т.Галсан, А.Рэгзэн, Г.Бүдий, Ц.Очирбал, Б.Санджуйжав, Т.Төмөрбаатар, Н.Сэндэнжав, Г.Жадамбаа, Д.Марав, Б.Искра, Б.Сангисэрээ, Р.Доржбат, Ч.Батболд, Л.Дүйсэнсанги, Ж.Жагравал, Б.Чойжилсүрэн, М.Жадамбаа, Л.Баяндалай, Т.Ширмэн нарын 21 депутат анхдугаар үндсэн хуулийг батлалцсан байна. Тус хуралд нийт есөн малчин оролцсон бөгөөд хоёр нь Баянхонгорынх байв.
1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улс дөрөв дэх буюу ардчилсан шинэ Үндсэн хуулиа Ардын Их Хурлаар хэлэлцэн баталсан байдаг. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр гэж заажээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.
Үндсэн хууль болон үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас оролцсон хүмүүсийг алдаршуулж, 2008 оны 11 дүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн хөшөөг Баганат талбайд босгожээ. Харин 2014 онд Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байрлуулсан байна.
Хөшөөг боржин чулуугаар хийсэн бөгөөд суурийг нь арслангийн дүрстэй хийж нуруун дээр байрлуулсан, урд талын дээд хэсэгт тариан түрүүний дээд талд дугуй дотор соёмбыг дүрсэлсэн бол дунд хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль” гэсэн бичигтэй. Доод хэсэгт МЭДЭГТҮН! САХИГТУН!, ар талд монгол бичгээр “Монгол Улсын Үндсэн хууль” гэсэн бичигтэй бүтээсэн байна.
1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Улаанбаатар