ОРХОН: Багш, ажилтнууд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov
2026-01-13 15:22:09

Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн өдрөөр орон нутгийн боловсролын салбарын санал, шийдлийг хууль, бодлогын түвшинд тусгах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа бусад гишүүдийн хамтаар тойрогтоо ажиллаж байна. 


УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг Орхон аймгийн боловсролын салбарын бодит нөхцөл байдалтай танилцаж, багш, ажилтнуудын санал, хүсэлт, байр суурийг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийж байна.


Хэлэлцүүлгийн үеэр багш, ажилтнуудаас сургуулийн цайны газрын асуудал, хоол үйлдвэрлэл,туслах аж ахуй, сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт, сургуулийн бүтэц орон тоо, ерөнхий гэрээ, цахим дэлгүүр хэт үнэтэй сонголтгүй, сургуулийн бүтэц орон тоог одоо суралцаж байгаа хүүхдийн тоо, ачааллыг тооцоолж гаргах болон багшийн хөгжлийн хуулийг өргөтгөж, эрх хамгааллын асуудлыг тусгаж, шинэчлэх зэрэг асуудлыг ажлын багт гаргалаа. 


Энэ хүрээнд ажлын баг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаа, салбарт тулгамдаж буй асуудал, санал, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай асуудлуудыг газар дээр нь танилцуулан хэлэлцэж байна.


Орон нутгийн багш, боловсролын салбарын ажилтнуудын санал, туршлага нь боловсролын бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг хэлж байна.