М.Амбага: Монголын уламжлалт анагаах ухааны жороор эрдэмтэд олон төрлийн эм бэлдмэл бүтээсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Үндэсний онцлог бүхий эмчилгээний онол, арга зүйгээр хүн төрөлхтнийг эмчлэн анагаах, Монгол Улсын хүн амын удмын санг хамгаалах, монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийн дундаршгүй сан хөмрөгийг судлан хөгжүүлэх, ололт амжилтыг нь олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах гэж байгаа. Тус зарлигийн түүхэн ач холбогдол болон уламжлалт анагаах ухааны судлал, өнөөгийн хөгжлийн талаар Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, АШУ-ны доктор, профессор М.Амбагаас тодруулсныг толилуулж байна.
Тэрбээр, "Юуны өмнө уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн
бодлогын чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж буйд энэхүү салбарт
ажиллаж буй нийт эмч, багш, оюутан, эрдэмтэн судлаач бид туйлын талархалтай
байна.
Уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх анхны байгууллага нь 1950-иад оны үед тухайн үеийн нам, төрийн
удирдагч Ю.Цэдэнбал даргын санаачилгаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн дэргэд
“Уламжлалт анагаах ухааны сектор” нэртэй байгуулагдсан түүхтэй. Улмаар
энэхүү бүтэц өргөжин хөгжсөөр 1974 онд ШУА-ийн Байгалийн нэгдүгээр хүрээлэн
болон зохион байгуулагдсан юм. Тус хүрээлэнг байгуулахад түүхэн үүрэг
гүйцэтгэсэн хүн бол академич Ц.Хайдав юм.
Тухайн үеийн хүрээлэнгийн зохион байгуулалт, бүтэц нь өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигт тусгаж буй үндсэн чиглэлүүдтэй тун ойролцоо бөгөөд эмийн ургамал судлах, судар ном орчуулах, соёлын өвийг судлах зэрэг үйл ажиллагаа тасралтгүй хөгжсөөр ирсэн. Дараа нь 1981 онд уг байгууллага Ардын эмнэлгийн хүрээлэн болон өргөжин, уламжлалт анагаах ухааны шинжлэх ухааны судалгааг эрчимжүүлсэн юм.
Энэ хугацаанд академич Ц.Хайдавын удирдлага дор уламжлалт жорын үндсэн дээр олон төрлийн эм бэлдмэл бий болсон. Үүнээс гадна Анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн бүтээсэн “Салимон”, “Нефромон” зэрэг олон эм нь уламжлалт анагаах ухааны онолд тулгуурлан орчин үеийн шинжлэх ухааны аргаар судлагдан гарсан бүтээлүүд юм.
Эдгээр эм бэлдмэл бий болоход уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолыг орчин үеийн анагаах ухааны үүднээс тайлбарлах, судлах судалгааны ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа, 1990-ээд оноос эхлэн энэ чиглэлийн судалгаа эрчимжиж, академич Б.Дагвацэрэнгийн тогтолцооны онол, шинэ анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн дэвшүүлсэн мембрант байгууламжийн онол, протоны урсгалын есөн дамжлагат хэлхээний онол, хүн ба амьтны биеийн системийн загвар зэрэг олон чухал онол боловсрогдон гарч ирсэн.
Эдгээр онол, судалгааны үр дүн нь Ерөнхийлөгчийн зарлигийг
хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны бат бөх үндэс суурь болж байна. Өөрөөр хэлбэл,
зарлигт тусгаж буй олон зорилт нь өмнөх судалгааны ажлын
үргэлжлэл, логик уялдаа бүхий суурин дээр тавигдсан гэдгийг онцлон тэмдэглэх нь
зүйтэй.
Ерөнхийлөгчийн зарлиг нь маш өргөн хүрээг хамарч, хүн амын
удмын санг хамгаалах, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах, эмийн ургамлыг
судлах, тарималжуулах, эмийн үйлдэл, технологийг боловсронгуй болгох, гадаад
зах зээлд нийлүүлэх зэрэг олон чухал зорилтыг дэвшүүлсэн. Мөн уламжлалт анагаах
ухааны эмнэлгийн бүтэц, оношилгоо, эмчилгээний асуудал, эрүүл мэндийн даатгал,
магадлан итгэмжлэлтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгосон нь салбарын
хөгжилд бодит дэмжлэг болох нь дамжиггүй.
Түүнчлэн уламжлалт анагаах ухааны салбар дахь оюуны өмчийн
хамгааллыг онцгойлон тусгаж, сургалтыг олон улсын түвшинд нийцүүлэн зохион
байгуулж, мэргэжилтэн бэлтгэх чиглэлийг тодорхой заасан нь уг зарлигийг түүхэн
ач холбогдлыг өргөж байна.
Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй XXI зуунд энэхүү зарлиг нь цаг үеийн шаардлагад бүрэн нийцсэн атлаа уламжлалаа гүн хүндэтгэн хадгалж, монголын ард түмний бүтээсэн уламжлалт анагаах ухааны өв соёлыг "унаган төрхөөр" нь хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухааны ололтыг уялдуулах бодлогыг тодорхойлсон нь онцгой ач холбогдолтой юм.
Иймээс энэхүү зарлиг нь уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж буй бид бүхэнд тодорхой чиглэл өгч, урам зориг нэмсэн, хөгжих бүрэн боломжийг нээсэн бодлогын баримт бичиг болсон хэмээн дүгнэж байна" гэлээ.
Улаанбаатар