2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж буй.Тухайлбал, 2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 167 машин техникээр паркаа шинэчилжээ.
Тэгвэл энэ онд парк шинэчлэл үргэлжлэх бөгөөд лаг цэвэрлэх, сорох, хашлага угаагч, хог шахаж ачигч, шүүрдэгч машин, үерийн үед ус шавхагч насостой машин зэрэг 71 техникийг шинээр авах ажээ.
Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай,
урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр
санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэх, цаашлаад сар бүрийн ашиглалтын
төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг
бүрдүүлжээ.
Улаанбаатар