Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Уг барилдаанд манлайлж буй гурван арслан нэгийн даваанд учраа бөхчүүдээ өвдөг шороодуулав. Тодруулбал, улсын арслан Э.Оюунболдтой сумын заан Д.Нямдаваатай, Ц.Бямба-Отгон Г.Мөнтулгатай,
Р.Пүрэвдагва Д.Мөнхтулгыг давжээ.
Өнөөдрийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Д.Анар, Д.Хүдэрбулга, С.Сүхбаатар тэргүүтэй 128 бөх бүртгүүлжээ. Үүнд, улсын цолтой 38 бөх зодоглож байгаагаас арслан 3, заан 6, харцага 9, начин 20 зодоглож байна. Түүнчлэн чансаагаараа сумын цолтой 3 бөх багтжээ.
Тэгвэл дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс, арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр, заан Б.Пүрэвсайхан, Б.Серик, начин Л.Энхсаруул, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар тэргүүтэй шилдгүүд өнжлөө.
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.
Улаанбаатар