ӨВӨРХАНГАЙ: Үндсэн хууль бол улс орны зүг чигийг залж өгсөн луужин юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-13 21:07:50

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад Өвөрхангай аймгаас оролцсон депутатуудад аймгийн ИТХ, ЗДТГ-аас хүндэтгэл илэрхийллээ.


Өдгөөгөөс 34 жилийн тэртээ шинэ Үндсэн хуулийг батлахад Өвөрхангай аймгаас 23 төлөөлөгч оролцож байжээ. Тэдгээрээс өдгөө 12 хүн энх тунх амьдарч, нутаг орныхоо хөгжил, дэвшилд дуу хоолойгоо хүргэн гар бие оролцож явна.


Өнөөдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд АИХ-ын 237-р тойргийн депутат Б.Дашпунцаг, 248-р тойргийн депутат Ц.Төмөр-Очир, 256-р тойргийн депутат Л.Төмөрбаатар, 240-р тойргийн депутат С.Пүрэв нар хүрэлцэн ирж, тэр үеийн түүх дурсамжаас хуваалцан улс орны цаашдын асуудлаар санал бодлоо илэрхийллээ.



АИХ-ын депутат Л.Төмөрбаатар “Тухайн үед бид зах зээлийн нийгэм гэж мэдэхгүй байсан ч зохих хэмжээний боловсрол, мэдлэгтэй хүмүүс байсан учраас Үндсэн хуулийг голыг нь алдалгүй, улс орноороо дагаж мөрдөх “эцэг” хууль болгож чадсан” гэв.


Мөн депутат Ц.Төмөр-Очир “Үндсэн хууль бол хүний амьдрал учраас дагаж сахиж, мөрдөхөөс өөр арга байхгүй”, депутат Б.Дашпунцаг “Үндсэн хуулийг баяжуулж байна гээд ойр ойрхон солих нь зохих үр дүнд хүргэхгүй”, депутат С.Пүрэв “Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүх ард түмний саналыг авдаг байх хэрэгтэй” хэмээсэн бөгөөд Үндсэн хууль бол улс орны зүг чигийг залж өгсөн луужин гэдгийг дуу нэгтэй хэлж байв.


Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг АИХ-ын 430 гишүүн 76 хоногийн турш  хэлэлцэж байжээ. 

Холбоотой мэдээ