ХӨВСГӨЛ: “Бүтээлч өрх-300” хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд тоног төхөөрөмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-14 12:31:19

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга өрхийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд 1200 өрхийн хөгжлийн түвшнийг сайжруулахаар “Бүтээлч өрх -300” хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна.


Бүрэн эрхийнхээ хүрээнд жилд 300 өрхөд дэмжлэг үзүүлж 4 жилийн хугацаанд Мөрөн сумын 14 багийн 1200 өрхийг хамруулах юм. 


Энэ хүрээнд Мөрөн сумын “Бүтээлч өрх-300” хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд тоног төхөөрөмж олгохоор батламжийг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар гардууллаа.


Тус хөтөлбөрт сонгогдсон өрхүүдээс өнөөдрийн байдлаар 95 өрх үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн бөгөөд тухайн өрх бүрээс 1–2 гишүүн байнгын болон түр ажлын байраар хангагдан ажиллах боломж бүрдсэн байна.


Цаашид “Бүтээлч өрх-300” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллана гэдгийг Засаг дарга хэллээ.


Өнгөрсөн онд хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд орон нутгийн сангаас 55 сая, улсын төсвөөс 120 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгосон байна.

 



 

Холбоотой мэдээ