ЗАВХАН: Манжийн үеийн өртөө харуулын хуулбар зураг 66 жил хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-14 14:56:04

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/.Завхан аймгийн музейн сан хөмрөгт 2000 орчим түүхэн гэрэл зураг хадгалагдаж байдгаас 1916 оноос хойших Улиастай хотын барилга байгууламж, тухайн үеийн ард түмний аж амьдрал, Манжийн үеийн засаг захиргаатай холбоотой ховор баримтууд багтдаг байна.


Эдгээрээс онцлох үзмэрийн нэг нь муутуу цаасан дээр хар өнгийн бэхээр уйгаржин монголоор бичсэн Манжийн үеийн өртөө, харуулын зургийн хуулбар юм.


Тус зургийг анх 1960 оны дөрөвдүгээр сарын 12-нд Баянхонгор аймгийн Орон нутаг судлах кабинетын үзмэрээс хуулбарлаж, улмаар 1966 онд дахин хуулбарлан Завхан аймгийн музейн үзэсгэлэнгийн гол танхимд дэглэн байршуулжээ.


Манжийн үеийн морин өртөөний схем бүхий уг зураг нь муутуу цаасан дээр хар өнгийн бэхээр уйгаржин монголоор бичигдсэн бөгөөд урт нь 130 см, өргөн нь 68 см хэмжээтэй, XVII–XIX зууны үед хамаарах түүхэн баримт юм. Энэхүү зургийг анх музейн захирал агсан Л.Юндэнбатын хайгуулын явцад Баянговь сумын малчин Лхамжаваас олж авсан бөгөөд тухайн үед 350 төгрөгөөр худалдан авч байжээ.


Уг зурагт 103 өртөө, 170 дамжлага багтсан бөгөөд Монголын ард түмэн Манжийн төрд алба гувчуур хашиж байсан тогтолцоог харуулсан томоохон төлөвлөгөөт зураг ажээ.


Манжийн төрөөс эрхшээлт орны ард иргэдэд тулган хүлээлгэж байсан хамгийн хүнд албадлагын нэг нь цэрэг, харуулын болон өртөөний алба байсан юм. Хар нүднээс Улиастай хүрэх халхын 20 өртөөнөөс Улаанбум, Шаргалжуутын гол хүртэлх 13 өртөө нь Өвөр долоон хошууны нутгаар дайран өнгөрдөг байв. Халхын өртөөний 142 дамжлагаар ганцхан өдөрт 1736 элч, албаны хүмүүс нэвтрэн зорчдог байсан тухай баримт бий.


Түүнчлэн Нийслэл хүрээ–Хиагтын чиглэл, аймгийн жасаа зэрэг 60 орчим өртөөнд нэг ээлжид янз бүрийн албан тушаалтан 278 хүн, олон зуун айл өрх агт морь, хүнсний хонь, гэр майхан болон бусад хэрэглэлээр дайчлагдаж байжээ. Үүнээс гадна хошуу, хороодын арав гаруй өртөөнд нэг ээлжид 97 өрх, алба гаргах 352 эр дайчлагдаж байсан түүхэн баримт ч бий.


Энэхүү хосгүй үнэт түүхэн зургийн эх хувилбар нь өнөөдөр Баянхонгор аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бол түүний хуулбар нь Завхан аймгийн музейн үзэсгэлэнгийн гол танхимд өдгөө 66 дахь жилдээ олон нийтэд дэлгэж байна хэмээн Завхан аймгийн музейгээс мэдээллээ.



Холбоотой мэдээ