Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж 500 сая иен буюу 3.14 сая ам.доллароор “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл" хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн
үндэсний төв ТӨХХК-д цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай
байдлыг хангах нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Тодруулбал, хөдөлгөөнт
трансформаторын туршилтын авто машин, эрчим хүчний сүлжээний ажиллагааг тухайн
цаг мөчид нь хянах бүрэн дижитал симулятор зэрэг тоног төхөөрөмжийг Японы олон
улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-аар дамжуулан гүйцэтгэх юм.
Үүнийг баталгаажуулж, Сангийн дэд сайд Б.Хулан “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг
дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн нот бичигт Япон Улсаас Монгол
Улсад суугаа Элчин сайд М.Игавахара, мөн буцалтгүй тусламжийг
гүйцэтгэх хэлэлцээрт ЖАЙКА-гийн Монгол
дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кенсүкэ нартай гарын үсэг зурлаа.
Төслийг
хэрэгжүүлснээр манай улсын эрчим хүчний хангамж тогтворжиж, цахилгаан эрчим
хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг
бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр болохыг Сангийн дэд
сайд Б.Хулан онцлов.

Элчин сайд
М.Игавахара “Өмнө хэрэгжүүлсэн төслийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэхэд энэ
төсөл нэмэр болно. Мөн Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд
бүтцийн тогтвортой байдлыг хангах, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, улмаар
сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдүүлж, эрчим хүчний
шилжилтийг урагшлуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Манай улс
цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20
орчим хувийг нь импортоор авдаг билээ.
Улаанбаатар