Сенегалын шигшээ Африкийн цомын финалд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РАБАТ, 2026 оны нэгдүгээр сарын 15 /sports.ru/. Африкийн цомын тэмцээний эхний хагас шигшээ тоглолтод Сенегалын шигшээ баг Египетийн багийг 1:0 харьцаагаар хожсоноор финалд шалгарлаа.
Марокко улсын Танжер хотын "Стад
Ибн-Батута" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын цорын ганц гоолыг Сенегалын
довтлогч Садио Мане 78 дахь минутанд оруулсан байна. “Ливерпүүл”-ийн довтлогч
байсан тэрбээр одоо Саудын Арабын “Ан-Наср” багт тоглож байгаа юм. Одоо
сенегалчууд Марокко, Нигерийн багуудын хожсонтой нь цомын төлөөх шийдвэрлэх
тоглолт хийнэ.
Ийнхүү Сенегалын шигшээ баг Африкийн
цомын сүүлийн дөрвөн тэмцээнд гурав дахь удаагаа финалд шалгарлаа. 2019 онд
шийдвэрлэх тоглолтод Алжирын шигшээд 0:1-ээр хожигдсон бол 2021 оны финалд
Египетийн багийг торгуулийн цохилтоор ялснаар Африкийн цомыг хүртэж байв.
Хөл бөмбөгийн Африкийн цомын
тэмцээн 12 дугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд 18-нд финалын тоглолт болно. Энэ
удаагийн тэмцээнд Африк тивийн 24 улсын багууд 6 хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Сенегал,
Египет, Марокко, Нигерийн шигшээ багууд хагас шигшээд шалгарсан юм. Сенегалчууд
шөвгийн наймд Мали улсын багийг 1:0-ээр хожсон бол египетчүүд М.Салахын хичээл зүтгэлээр Кот-д'Ивуарын шигшээ багийг 3:2-оор буулган
авчээ.
Одоогоор Африкийн цомыг
Кот-д'Ивуарын хөлбөмбөгчид эзэмшиж байгаа бөгөөд тэд 2023 оны цомын тэмцээний
финалд Нигерийн шигшээг 2:1-ээр хожсон юм.
Улаанбаатар