ӨМНӨГОВЬ: Ханбогд суманд хагас эрчимжсэн ингэний сүүний ферм байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-15 15:19:57

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг тэмээний амьдын үнэлэмж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Энэ хүрээнд Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2021–2024 онд тэжээлийн менежмент, сүүний ашиг шимийг сайжруулах, фермийн ажилд гарын авлага бэлтгэх зэрэг чиглэлээр төслийн судалгаа явуулсан бөгөөд тус фермийн шавыг 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд тавьж байсан юм.


“Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан энэхүү төслийг төлөвлөж, орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгэн, энэ сарын 14-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Ингэний сүүний фермийн төслийн зохицуулагчаар Т.Болормаа ажиллаж, судалгааны багт ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн тэнхимийн багш нар болох магистр П.Пүрэвсүрэн, магистр Б.Баасанжаргал, зөвлөхөөр шинжлэх ухааны доктор профессор Б.Эрдэнэбаатар болон ХААИС-ийн оюутнууд оролцжээ.


Ингэний сүүний фермийг “Галбын говийн баялаг эрдэнэ” хоршооны малчид цаашид ашиглах бөгөөд ингэний сүүг фермийн нөхцөлд бэлтгэн, эх орныхоо сүүн бүтээгдэхүүний түүхий эдийг үйлдвэрлэн иргэдэд нийлүүлэх юм.


Мөн монгол тэмээний сүүг олон улсад экспортлох зөвшөөрлийг НҮБ-аар дамжуулан авч, үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд нийт 2500 тэмээг эрчимжүүлсэн болон уламжлалт аж ахуйн аргаар маллаж өсгөхөөр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ