БУЛГАН: Хангалынхан өв соёлоо түгээн, бүтээлчээр цасны баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, өвлийн спортыг хөгжүүлэх зорилготой “Цэвэр агаарт бүтээлч Хангалынхан-2026” цасны баярт 250 гаруй иргэн оролцлоо.
Тус үйл ажиллагаа нь иргэдийг гэр бүлээрээ цэвэр агаарт амарч, үндэсний хувцсаараа гоёж, өв соёл, хөдөлмөр бүтээлээрээ бахархах, харилцан суралцах, залуу үеийг дэмжихэд чиглэв.
Цасны баярын хүрээнд багууд мэндчилгээ, үндэсний хувцастай хос, шилдэг отог, цана, тэшүүр, мөсний шагай, цасны хөгжөөнт буухиа, шилдэг брэнд бүтээгч зэрэг төрлөөр өрсөлдсөн байна.
Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Эрүүл мэндийн төв, дэд байрт Ерөнхий боловсролын сургууль, гутгаар байрт Урт баг шалгарлаа.
Үндэсний өв соёлыг сурталчлах тэмцээнүүдээс мэндчилгээ “Хамтлаг бүжиг”-ийн төрөлд ерөнхий боловсролын сургууль тэргүүлж, “Дээлтэй монгол хос”-оор ЗДТГ-ын хос Б.Отгонбаатар, А.Сүмбэрэлмаа, “Шилдэг отог”-оор ерөнхий боловсролын сургууль шалгарсан байна.
Мөн үзэсгэлэн, худалдаанд 1 өрх, 1 хоршоо, 11 иргэн 23 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, эсгий урлал, цагаан идээ, зөгийн бал, мах махан бүтээгдэхүүн, гар урлалын бүтээлээ дэлгэн худалджээ.
“Хамгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн”-ээр “Шимт эргэл” ХХК, “Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр Ц.Амарбаясгалангийн “Тоодон ааруул”, “Шилдэг брэнд бүтээгч”-ээр “Хуурай арал” хоршоо шалгарсан байна.
Өвлийн спортын тэмцээнүүдээс цана, тэшүүр, цасны хөгжөөнт буухиа, мөсний шагайн төрлүүдэд баг, тамирчид амжилттай оролцож, шилдгүүд тодорлоо.








































Улаанбаатар