ХОВД: Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-15 15:39:55

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган, Буянт, Төгрөг гол болон Хар-Ус нуурын мөсний зузаан одоогоор 25-69 см байна. 


Энэ нь мөсний зузаан олон жилийн дунджаас 1-85 см нимгэн байгаа үзүүлэлт юм.  


Зарим гол, нуурын мөсний даац хүн, мал, автомашин явахад бүрэн аюулгүй хэмжээнд бэхжээгүй байгаа нь сүүлийн үед Ховд аймгийн ихэнх нутгаар дулаан, цаг агаар тогтуун байсантай холбоотой. 


Ховд аймгийн гол, нуурын мөс ерөнхийдөө 12 дугаар сарын эхнээс бэхжиж, мөсний зузаан хоёрдугаар сарын эхээр автомашин зорчих аюулгүй хэмжээнд хүрдэг. Цаашид цаг агаар хүйтрэх тусам мөсний зузаан нэмэгдэх боловч гол, нуурын уртын дагууд харилцан адилгүй байна. Иймд иргэд, тээвэрчдийг мөс цөмрөх аюулаас сэргийлж, гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлохгүй байхыг  Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.  

Холбоотой мэдээ