ТӨВ: “Эхийн алдар” одонгийн материал хүлээн авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/ “Эхийн алдар” одонгоор шагнуулах эхчүүдийн материалыг 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл харьяа багийн Засаг дарга нар хүлээн авч эхэллээ.
Төв аймгийн ИТХ-ын ажлын албанаас хүсэлт гаргаж буй эхчүүдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс бүрдүүлэх материалын жагсаалтыг олон нийтэд мэдээлэв.
Тодруулбал, “Эхийн алдар” одонгоор шагнуулах эхийн анкет, эхийн иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар буюу лавлагаа, хүүхдүүд эсэн мэнд бойжиж буй тухай харьяа баг, хорооны тодорхойлолт, гурван хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний тухай лавлагаа, мөн нэг ба түүнээс дээш насандаа нас барсан хүүхэдтэй бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсвэл холбогдох лавлагааг бүрдүүлэх шаардлагатай юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 58 дугаар зарлигаар “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор аймгийн хэмжээнд 430 эх шагнуулжээ.
Улаанбаатар