Д.Жаргалмаа: Монгол бичгээ нандигнан хайрласан хүүхэд илүү сайн сурдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2026-01-15 17:06:58

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа.


Уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” ЕБС-ийн монгол хэл, бичиг уран зохиолын багш Д.Жаргалмаагийн бэлтгэсэн 9-ийн “Б” ангийн хамт олон шалгарсан юм.


Тус ангийг бэлтгэсэн багш Д.Жаргалмаагийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр, “Багш мэргэжлээр 11 дэх жилдээ ажиллаж байна. Энэ жилийн уралдаанд н.Лхамжав багштай хамтран 9-ийн “Б” ангийг бэлтгэж оролцууллаа.

Бид уралдааны бүтээлдээ аймгийнхаа онцлог, давуу талыг тусгасан. Тухайлбал, Хөвсгөл аймгийн газрын зургийг үндэслэн, түүний хэмжээнд нутгийн алдартай байгаль, уул ус, бэлгэдлийг шингээсэн. Жишээ нь, Ренчинлхүмбэ сумын Жарганатын гол, Их-Уул, Улаан-Уул сумын Алунгоо эхийн домог, зун цагт ч мөстэй хэвээр байдаг алдартай газар нутгийг бүтээлдээ тусгасан. Хүүхдүүд өөрсдөө сумдын зургийг онцлог талуудтай нь зурж, ард нь монгол бичгээр тайлбар бичиж бэлтгэсэн. Ингэж 36 хүүхэд хамтран, хоёр сарын турш нягт бэлтгэл хийсэн юм.


Хүүхэд бүрийн бичгийг эхэндээ ялгаж таньдаг байсан бол сүүлдээ хэн нь бичсэнийг ялгахын аргагүй болтлоо жигдэрч, чанарын ижил түвшинд хүрсэн.


Энэ удаад бүтээл болгох талд илүү анхаарч, аймгийн шатанд шалгарснаар улсын уралдаанд оролцох эрхээ авсан. Аймгийн хэмжээнд нэгдүгээр шатанд 800 гаруй хүүхэд оролцсоноос манай анги гуравдугаар байрт шалгарч, улсад оролцох боломж бүрдсэн нь бидэнд ихээхэн урам зориг өгсөн.


Хүүхдүүд монгол бичгээ нандигнаж, хайрлах тусам алдаа багатай, уншлага сайтай болдог. Энэ нь бидний хамгийн том давуу тал, бидний амжилтын үндэс юм” гэв.


"Монголын сайхан бичигтэн - 2025" олон улсын уралдаанд эх орны өнцөг булан бүрээс болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1100 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ.





Холбоотой мэдээ