Монгол бол миний зүрх сэтгэлийн орон

МОНГОЛ ХЭМНЭЛ
b.tuul@montsame.gov.mn
2026-01-16 09:13:31

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Намайг Яданова овогтой Кузелеш гэдэг.


Миний аав теленгит, ээж маань майман ястан. Миний хүүхэд нас Бүгд Найрамдах Алтай Улсын Кош-Агаш аймгийн сууринд өнгөрсөн. Монголын талаар анх эмээгээсээ олж мэдэж байлаа. Манай тосгонд нэг өвөө гэр бүлийнхээ хамт амьдардаг байсан юм. Их том биетэй, өндөр нуруутай, өвөл зунгүй эсгий малгай өмсдөг. Үе үе хуучны алтай-теленгит хэлээр ярьдаг болохоор түүний юу ярьж байгааг заримдаа ойлгохгүй. Нэг удаа эмээгээсээ “Энэ ямар хүн бэ. Түүний юу ярьсныг ойлгосонгүй” гэхэд “Тэр монгол гаралтай. Өвөг дээдэс нь Монголоос ирсэн юм аа” хэмээн тайлбарлаж өгч билээ. 


Түүний дараа Чингис хааны тухай олон ангит үзэв. Тэр кино надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Манай алтайчууд Чингис хааныг хүндлэн дээдэлдэг ард түмэн. Бидний түүх өөр хоорондоо ихээхэн шүтэлцээтэй. Чингис хааны үед алтайчууд Зүчийн улсад хамаарч байлаа шүү дээ. Энэ мэт шүтэлцээ надад нөлөөлсөн ч биз. Өдгөө би Улаанбаатарт амьдарч, гурав дахь жилдээ монгол хэл сурч байна.


Монгол бол миний зүрх сэтгэлийн орон. Тэр дундаа монголын хөдөө маш гоё, цаанаасаа намайг татдаг. Нүүдэлчдийн соёлоо хэрхэн хадгалж авч явж байна вэ, хүмүүс нь хэрхэн харилцаж, ямар аялгаар ярьж байна вэ гээд бүх юм нь их сонирхолтой. Манай алтайчууд чинь 70 мянгуулаа юм шүү дээ. Хэлний хувьд хуучирсан тал бий. Утгыг нь мэдэхгүй үг хэллэг цөөнгүй. Энд ирээд өөрийн танил гэр, унь, багана гэх зэрэг олон танил үг, хэллэгтэйгээ таардаг. Тэдгээр үг, өгүүлбэр, үлгэр домгийн утгыг нь ухаж, гарлыг нь мөшгөж ойлгох бүрдээ өөрийн байх ёстой газраа олж иржээ гэж боддог.

       

ОХУ-ын иргэн Я.Кузелеш

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ