С.Дулам: Монгол бичиг соёл олон улсад түгэн дэлгэрэх боломж бүрдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-01-15 17:00:28

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Хүмүүн бичиг” сониноос 29 дэх удаагаа зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн - 2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээсэн. Уг үзэсгэлэнгийн бүтээлүүдийн талаарх Ардын багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын сэтгэгдлийг толилуулж байна.


Үндэсний монгол бичгээр дагнан гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг Ардын багш, хэл бичгийн шинжлэх ухаан доктор, профессор С.Дуламын 1988 онд бичсэн шүлгээр нэрлэсэн түүхтэй. 


Тэрбээр, “Уралдааныг хамгийн анх зохион байгуулахад тун цөөн хүн оролцож байсан уралдаан өнөөдөр улсын хил хязгаараас давжээ. Гадаадын иргэдтэй нийлээд мянга гаруй хүн оролцож байна. Түүгээр ч барахгүй монголыг мэдэх гэж хичээдэг монгол гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс оролцдог болжээ. Ангилал төрөл нь өргөжин, дэлхий дахины уралдаан болох боломж бүрджээ. Сайхан бичигтнүүд монгол бичгийг нарны цацраг ч юм уу, шинэ сонин хэлбэр, дүрсээр урлах гэсэн эрмэлзэл, энэ чиглэлд эрэл хайгуул хийсэн нь энэ жилийн уралдааны бүтээлүүдээс харагдлаа. Тиймээс монгол соёл олон улсад түгэн дэлгэрэх, бид бичиг соёлоороо бахархах бүрэн боломжтой болжээ” гэв.


Түүнчлэн, "Монгол угсаатныг эс тооцвол манай монгол шиг босоо бичигтэй үндэстэн бараг үгүй. Тиймээс бичиг соёлоо хойч үедээ зааж сургаж байгаа нь маш ирээдүйтэй.


Дунд сургуулийн олон анги ангиараа сайхан бичигтэн болж буйг харах бахдалтай, баяр баясгалантай байна. Монгол бичиг соёлын эрдэнэ болж өвлөгдөж буй сэтгэгдэл төрлөө.


Бидний оюун санааны нандин өв, утга зохиол, шинжлэх ухааны бичиг ном бүгд монгол бичгээр байдаг. ЮНЕСКО-д бүртгэгдэж буй хамгийн ховор нандин өвүүд бүгд монгол бичгээр бий. Тиймээс үүнийг хойч үедээ уламжлуулах, хүн төрөлхтний соёл, шинжлэх ухааны өв болгон үлдээх ирээдүй гэрэлтэй байна” хэмээсэн юм. 

Холбоотой мэдээ