Сайхан бичигтэн ээж, хүү хоёр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-15 17:25:50

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны 1-7-р ангийн сурагчдын ангилалд гуравдугаар байр эзэлсэн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ерөнхий боловсролын сургуулийн 3-ын “Д” ангийн сурагч Б.Ариунбаатарын сэтгэгдлийг толилуулж байна.


Тэрбээр “Болжмор” бүтээлээ бичихдээ ойролцоогоор нэг сарын хугацаа зарцуулжээ. Бэлтгэлийн явцад А4 хэмжээтэй нэг дэвтрийг дуустал дадлага хийж, үсэг бүрийг нямбайлан бичсэн байна. Тус уралдаанд анх удаа оролцож байгаа хэдий ч өмнөх жил нь үндсэн зурлага, үсгээ үзэж, бэлтгэжээ. Энэ жил “Монголын сайхан бичигтэн” уралдааны өмнө монгол бичгийн үндсэн үсгийг бүрэн судалж, тэдгээрийн хүрээнд бүтээлээ туурвисан байна.  Монгол бичгээр уншиж, бичиж чаддаг болжээ. 


Түүний ээж монгол хэлний багш мэргэжилтэй, энэхүү уралдаанд хүүгээ идэвхэй бэлтгэснээ энэ үеэр хэлж байв. Тэрбээр, "Хүүхэд монгол бичгийг бага наснаасаа сурвал хурдан, амархан эзэмшдэг. Монгол хүүхдийн сэтгэлгээнд монгол бичиг сурах чадвар шингэсэн байдаг. Хүү, бид хоёр байр эзэлснээ мэдэж, маш их баярласан. Хүүхдийн сурах чадвар бага насандаа илүү хөгждөг. Мөн монгол бичиг хүүхдийг тэвчээртэй сууж сурахад нөлөөлж, ном унших дадлыг төлөвшүүлдэг. Монгол бичиг нь зөвхөн бичиг үсэг бус, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, үндэсний сэтгэлгээг бий болгоход чухал ач холбогдолтой юм" гээд монгол бичгийг хүүхдэдээ заавал сургахыг залуу эцэг эхчүүдэд зөвлөж байв.

 

 

Холбоотой мэдээ