ГОВЬ-АЛТАЙ: “Алтай” орон нутгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-16 10:06:29

Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага энэ онд Говь-Алтай аймагт “Алтай” орон нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.


Дэлхийн 90 гаруй оронд хүмүүнлэг, хөгжил, яаралтай тусламж, нөлөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага Говь-Алтай аймагт 17 дахь жилдээ орон нутгийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд, эцэг эх, сурагчдад чиглэсэн сургалтыг түлхүү зохион байгуулж, мөн цаг агаарын хүнд нөхцөлд малчдад тусламж, дэмжлэг тогтмол үзүүлжээ.


Энэ онд үйл ажиллагаагаа шинэчилсэн зохион байгуулалт, илүү үр дүнтэй арга барилаар хэрэгжүүлэх зорилгоор “Алтай” орон нутгийн хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байна.


Хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын багийн хурал боллоо.


Шинэчилсэн “Алтай” орон нутгийн хөтөлбөрийг Есөнбулаг, Дэлгэр, Халиун суманд хэрэгжүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн судалгааг нарийвчлан хийж, бүртгэлийг шинэчлэх, улмаар хөтөлбөрийн хамрах хүрээ, үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж буйг “Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ