УВС: Төрөх тасгийн эхчүүдэд шаардлагатай эд зүйлс олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Сэтгэл цэцгүүд” фэйсбүүк группийн гишүүд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт жирэмсэн болон амаржиж буй эхчүүдийн тав тухыг хангах зорилгоор шаардлагатай эд зүйлсийг хандивлалаа.
Хандивын хүрээнд хөл амраагч, бүүвэйлэгчтэй хоёр сандал, хөхүүл эхэд зориулсан дөрвөн саран дэр, оёдолтой эхчүүдэд зориулсан дөрвөн зөөлөн суудал, нуруу амраагчтай зургаан түшлэг, жирэмсэн эхийн найман зөөлөн бөмбөг зэрэг нийт 4 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гардуулсан байна.
Тус групп нь 20-иод бүсгүйгээс бүрддэг бөгөөд П.Энхмаа, Н.Түмэннасан, Д.Оюунбилэг, Б.Ням-Од, Б.Анхцэцэг нарын санаачилгаар байгуулжээ. Тэд бүгд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт амаржиж байсан залуу ээжүүд бөгөөд өөрсдийн туршлага, сэтгэлээсээ энэхүү хандивыг өрнүүлсэн байна.
Улаанбаатар