Т.Баасансүрэн: МОНЦАМЭ агентлаг үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-01-16 12:18:14

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх үйлсэд үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг зуу гаруй жилийн турш онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн цөөн байгууллагын нэг гэдгийг тус агентлагийн дарга асан Т.Баасансүрэн тэмдэглэлээ.


Тэрбээр “Ардын Засгийн газрын шийдвэрээр монголын дотоод, гадаад мэдээллийг дагнасан МОНЦАМЭ агентлагийг 1921 онд байгуулсан. 1922-1923 онд анхны сониноо үндэсний бичгээр хэвлэхийн зэрэгцээ орос хэлээр ч гаргаж байсан. Үүнээс хойш монгол бичиг соёлыг хөгжүүлэх, бэхжүүлэх, авч үлдэхийн төлөө тасралтгүй тэмцэж ирсэн үндэсний сэхээтнүүдийн цөм байгууллага. Өнөөг хүртэл энэ үүргээ нэр төртэй биелүүлж байна. Улсын Бага хурал, УИХ, Засгийн газраас монголчууд хос бичигтэй болох зорилт дэвшүүлж, хэд хэдэн тогтоол шийдвэр гаргасан шүү дээ. МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг монгол бичгийн уралдаан бол сурагчдын хүмүүжилд болон өв соёлоо залуу үеийнхэнд уламжлуулахад асар их ач холбогдолтой. Олон хүүхэд, оюутан залуус үндэсний бичгээ сурч байгаа нь цаашид улам өргөн дэлгэрэх байх. Нэг зүйлийг онцлоход, жил бүр уралдааны тэргүүн байр эзэлсэн 4 хүүхдийг МУБИС-д үнэ төлбөргүй сургадаг байсныг энэ жил больжээ. Энэ шийдвэрт үнэхээр их харамслаа. Өнөө УИХ-ын тогтоол, Засгийн газрын бодлого нь хаачсан юм бол” хэмээн бодлоо илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ