ОРХОН: Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн тоног төхөөрөмжийг шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) 2025 онд улсын болон орон нутгийн төсвийн 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ.
Орон нутгийн төсвийн 461 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус эмнэлгийг CCRT аппарат, наркозын машин, дефибриллятор зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Мөн Эрүүл мэндийн яамны 738 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн Эмгэг судлалын тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, эдийн шинжилгээний хариу өмнө нь 7-10 хоногт гардаг байсан бол 2-4 хоног болгон богиносгожээ. “Slide scanner”-тай болсноор эдийн зургийг Эмгэг судлалын үндэсний төв рүү онлайнаар илгээж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломж бүрдсэн байна.
Түүнчлэн цутгалтын аппараттай болсноор ажлын цаг хэмнэж, эд бэлтгэх хугацаа мэдэгдэхүйц богиноссон байна.
Цаашид 2026 онд орон нутгийн төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-д тоног төхөөрөмжийн шинэчлэлт, засвар үйлчилгээ хийхээр төлөвлөжээ.
Улаанбаатар