ДОРНОГОВЬ: Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-16 12:49:21

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөө  аж ахуйн салбарт өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ амжилт гаргаж байсан хөдөлмөрийн сайчуулыг цувралаар хүргэж байна.


БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээт 1911 онд Түшээт хан аймгийн Говь Мэргэн вангийн хошууны Эргэл хэмээх газар буюу одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төржээ. 1929-1931 онд худаг усны хайгуулын экспедицид ажилчин,1931 оноос Дорноговь аймгийн Мандах суманд малчин, 1956 оноос сумынхаа “Социализмын зам” нэгдлийн тэмээчин, 1978 оноос зөвлөх малчнаар ажиллажээ. 1956 онд Мандах сумын Социализмын зам нэгдэлд элсэж нэгдлээс 141 тэмээ хүлээн авч 1964 он гэхэд найман жилийн дотор мянга гаруй толгойгоор өсгөсөн бахдам амжилтыг үзүүлсэн байна.


Өөрөөр хэлбэл, 1956-1979 онд 24 жил тэмээ маллахдаа анх хүлээж авсан 141 тэмээгээ үр төлөөр өсгөсөөр 1969 онд 1004 толгойд хүргэж, ашиг шимийн даалгавруудыг давуулан биелүүлж, сүүлийн жилүүдэд 800-1000 тэмээ маллаж байв. Мөн Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож байв. 1961 онд түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонгоор шагнасан нь БНМАУ-ын анхны "Хөдөлмөрийн баатар" тэмээчин болсон юм.


Тиймээс Хөдөлмөрийн баатрын ажиллаж амьдарч байсан Мандах сум 1973, 1975 онд 13 мянган тэмээ тоолуулж "Мөнгөн буур", "Мөнгөн ботго"-ны эзэн болж байсан Мандах сумынхан 2023 онд “Түмэн тэмээний баяр” зохион байгуулж байлаа.


Ташрамд, Мандах сум 2025 онд 157.6 мянган толгой мал тоолуулж малынхаа тоогоор аймагтаа дөрөвт жагсаж байгаа бол 12,307 тэмээ тоолуулж тэмээгээ өмнөх оныхоос 6.8 хувиар өсгөсөн амжилтаар аймагтаа хошуучилж байна. 




Холбоотой мэдээ