БАЯНХОНГОР: Утаа, орчны бохирдлын нөхцөл байдлын судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-16 13:14:01

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар Байгаль орчны газартай хамтран сумын багуудын хэмжээнд утаа, орчны бохирдлын нэгдсэн тооллого, судалгааг хийж байна.


Тооллого, судалгаа нь агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал, айл өрхийн дулааны эх үүсвэр, түлшний хэрэглээ, мөн орчны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой юм. Иргэд судалгаа, тооллогод идэвхтэй хамрагдаж, үнэн бодит мэдээлэл өгснөөр цаашид агаарын бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтойг сумын Засаг даргын Тамгын газраас онцолж байна.


Баянхонгор аймгийн төвийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хороолол, 30 орчим хувийг уурын зуух, үлдсэн хувь нь авто машинаас гарч буйг 2024 оны агаарын бохирдлын судалгаагаар тогтоожээ.


Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум өнгөрөгч зургаадугаар сард агаарын чанарыг хянах бүрэн автомат станцтай болсон байна. Баянхонгор сум агаарын чанарын автомат хяналтын станцтай болсноор, улсын хэмжээнд энэ төрлийн станцтай 10 дахь аймаг болсон бөгөөд орон нутгийн байгаль орчны төлөв байдлыг хянах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг хэмжих, хяналт тавих боломжтой болжээ.


Холбоотой мэдээ