УВС: Ахмадуудад нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-16 17:36:04

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Увс аймгийн Бөхмөрөн суманд энэ сарын 9-16-ны өдрүүдэд ахмад настнуудад зориулсан сувиллын үйлчилгээг үзүүлж, орон нутгийн байгууллагууд салбар хоорондын уялдаа холбоо, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлсэн байна.


Тус сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ээлжийн амралтын хугацааг ашиглан сургуулийн дотуур байранд ахмадуудад чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн цогц үйлчилгээг үзүүлжээ. Ахмадын сувиллыг зохион байгуулах явцад сумын төсөвт байгууллагууд хамтран ажиллаж, хүний нөөц, орчин нөхцөл, тоног төхөөрөмж, үйлчилгээний боломжоо нэгтгэсэн нь бусад орон нутагт нэвтрүүлэх боломжтой сайн туршлага болсон байна.


Сумын Эрүүл мэндийн төвөөс уламжлалт болон сэргээн засах эмчилгээ, өдрийн болон эмийн эмчилгээг ахмадуудад цогцоор нь үзүүлсэн бол ерөнхий боловсролын сургууль дотуур байр, гал тогоо, ээлжийн тогоочоор ханган ажиллажээ.


Мөн Засаг даргын Тамгын газраас хоол хүнсний дэмжлэг үзүүлж, Соёлын төв, номын сангаас урлаг, уран сайхны үйлчилгээ хүргэсэн байна. Харин цэцэрлэг жижүүр, тогоочоор дэмжин хамтран ажиллажээ.

Ийнхүү орон нутгийн байгууллагууд үндсэн үйл ажиллагаандаа саад учруулахгүйгээр нөөц боломжоо оновчтой ашиглан ахмад настнуудад эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь үзүүлсэн нь нийгмийн халамж, орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд бодит үр дүнтэй, тогтвортой сайн туршлага болж байна.


Сувилалд хамрагдсан ахмад настнууд хэвтэн болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсанд талархал илэрхийлж, цаашид ийм төрлийн сувилал, үйлчилгээг тогтмол зохион байгуулах нь тэдний хувьд чухал хэрэгцээтэй байгааг онцолжээ.


Ташрамд дурдахад, Бөхмөрөн суманд 60-аас дээш насны 100 гаруй ахмад настан амьдарч байна.


Холбоотой мэдээ