СЭЛЭНГЭ: Аймгийн бүх сумын нутгаар цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-16 15:15:25

Аймгийн баруун урд талын Орхонтуул, Орхон, Хушаат, Түшиг, Хүдэр суманд цас 17-25 см зузаан, харин бусад суманд 9-16 см зузаан байна. Сумдын удирдлага, албан хаагчид нөөц бололцоогоо ашиглан малчдад чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, цасанд боогдсон зам, давааг малтан гаргах ажил хийж байна. Энэ жил аймгийн 17 сумын нийт 55 багт 10 мянга гаруй малчин өрх, 1.2 сая толгой малтай өвөлжиж байна.


Аймгийн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт сумдын:

  • 16.0 хувьд нь нэн их эрсдэл,

  • 41.1 хувьд нь их эрсдэл,

  • 42.2 хувьд нь дунд эрсдэл,

  • 0.7 хувьд нь бага,

  • 0.0 хувьд нь хүндрэлгүй гэж урьдчилсан тооцоо гарчээ.

Зудын урьдчилсан төлөвийг гаргахдаа ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээлэл, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундаж, цасны зузаан зэрэг олон үзүүлэлтийг харьцуулсан байна.

Тухайлбал:

  • Баянгол, Орхон, Сайхан, Цагааннуур, Жавхлант сумдын нутгаар нэн их эрсдэлтэй,

  • Орхонтуул, Баруунбүрэн, Хушаат, Мандал, Зүүнбүрэн, Сант сумын нутгаар их,

  • Бусад сумын нутгаар дунд эрсдэлтэй байна.

Иймд малчид, иргэд цаг агаарын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны мэдээ болон зудын урьдчилсан төлөвийн мэдээллийг тогтмол авч, цагийн байдал хүндэрсэн үед авах арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг эртнээс бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ