ӨМНӨГОВЬ: Хүүхэд, гэр бүлийн нийгмийн хамгааллын үйлчилгээ сайжирч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Хүүхэд хамгааллын чиглэлээр Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ, Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын ажлын баг хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтаар 2025 онд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн, хамтарсан багуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, 2026 онд хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах зорилго, чиглэлийг хэлэлцсэн байна.
Одоогоор Даланзадгад суманд 10 хамтарсан баг ажиллаж байгаа бөгөөд 2025 онд 136 тохиолдолд ажиллаж, “108” утасны 85 дуудлагад хариу үйлчилгээ үзүүлжээ.
Өмнөх онд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор эрсдэлт нөхцөлд байгаа тохиолдолд шийдвэрлэлт 86 хувьд, “108” утасны хариу үйлчилгээ 89 хувьд хүрсэн эерэг үр дүн гарсан байна.
Цаашид эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийг эрт илрүүлэх, архидалтыг бууруулах, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, салбар дундын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хамтарсан багийн гишүүдийг чиг үүргийнх нь дагуу үр дүнтэй ажиллуулах, гэр бүлийн үнэ цэн, хүүхдийн хөгжил хамгааллыг нэн тэргүүнд тавин, хуулиар хүлээсэн үүргийг бүрэн хэрэгжүүлж, олон талт арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг ажлын багийнхан онцоллоо.
Уулзалтад оролцсон Даланзадгад сумын Засаг дарга Ц. Дэнээдорж сумын хүн ам, өрх, гэр бүл, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь сонсож, тодорхой шийдвэр гарган ажиллахаа илэрхийллээ.
Улаанбаатар