ХОВД: Агваш арлын орчимд 100 гаруй малчин өрх өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-16 15:16:52

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн аялал жуулчлалын гол үзэх газруудын нэг бол Хар-Ус нуур юм.

 

Тус нуур нь Монгол Улсад мянгаас дээш хавтгай дөрвөлжин километр талбайтай дөрвөн том нуурын нэг бөгөөд эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдсэн байдаг. Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт Агваш арал, Алаг уул, Юмын хоолой, Бөлбөөтийн тохой, Жанжин овоо, Рашаантын хүрхрээ зэрэг олон үзэсгэлэнтэй газрууд байрладаг. 


Онцлоход, Хар-Ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь Агваш арал юм. 

 

Агваш арал нь уулархаг бөгөөд зарим хэсэгтээ нам толгод, гүвээ элбэгтэй. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1440 метр өргөгдсөн.


Хар-Ус нуур болон түүний орчны бүсэд Дөргөн, Чандмань, Манхан, Буянт зэрэг сумын малчид нутагладаг. Энэ жил Агваш арлыг тойрон, зэгэстэй нуурын захаар Дөргөн, Чандмань сумын 100 гаруй малчин өрх өвөлжиж байна.  


Хар-Ус нуур нь олон төрлийн усны шувуудын үүрлэж, өндөглөдөг, мөн нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг чухал газар юм. Тэр дундаа борцгор хотон шувуу нь Монгол орны зөвхөн Хар-Ус нуурын орчимд зусаж, өндөглөн нүүдэллэдэг. Одоогоор нуурын бүсэд нугас, галуу, цахлай зэрэг 280 гаруй төрлийн шувуу бүртгэгджээ.

Холбоотой мэдээ