ХОВД: "Мөнгөлөг шагшуурга-2026" мөсний баяр хоёрдугаар сарын 7-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-16 15:36:52

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хар-Ус нуур дээр хоёрдугаар сарын 7-ны өдөр “Мөнгөлөг шагшуурга-2026” мөсний баяр болно.


Энэ жил баярыг хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулах бөгөөд Ховд аймгийн “Олон угсаатан” аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төв болон бусад аж ахуйн нэгж, холбоод нэгдэх юм.


Энэ нь орон нутагт өвлийн аялал жуулчлалыг өргөжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ.


Хар-Ус нуур нь Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд нуурыг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нэн ховор амьтны жагсаалтад орсон борцгор хотон шувууг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлах, олон угсаатны өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор мөсний баярыг анх 2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачилгаар эхэлж байсан түүхтэй.   


Үүнээс хойш "Мөнгөлөг шагшуурга" мөсний баярыг есөн удаа зохион байгуулсан юм. Хамгийн сүүлд буюу 2024 онд мөсний баярыг үзэж сонирхох, зарим үйл ажиллагаанд оролцохоор Норвеги, ХБНГУ, АНУ-ын жуулчид болон Улаанбаатар хот, баруун бүсийн таван аймгийн иргэдийн төлөөлөл давхардсан тоогоор 40 мянга гаруй хүн зорин иржээ.      

Баярын үеэр язгуур урлагийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн болон шагайн наадгай, мөсөн сурын харваа, морин чарга, тэшүүрийн үйлчилгээ, морь, тэмээ унуулах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа, үйлчилгээ, тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай.    


Холбоотой мэдээ