Канадын уугуул иргэд давхар зориулалттай онгоц ашиглаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ОТТАВА, 2026 оны нэгдүгээр сарын 16 /Каzinform/. Канадын агаарын тээврийн Air Inuit компани дэлхийд анхных болох зорчигч болон ачаа тээвэрлэх давхар зориулалттай Boeing 737-800 Next Generation нисэх онгоцыг хүлээн авчээ.
Transport Canada байгууллагаас
тусгай зөвшөөрөл авсан уг онгоц энэ сарын 13-наас эхлэн Монреал-Куужжакийн чиглэлд
нислэг үйлдэж эхэлсэн байна. KF Aerospace компани энэхүү нисэх онгоцыг
хойд туйлын хатуу ширүүн нөхцөлд тохируулан шинэчлэн тоногложээ. Онгоцны урд талд 5 хэсгээс бүрдэх ачааны тавцан,
сүүл хэсэгт 90 суудал бүхий зорчигчийн салон бий. Ингэснээр Нунавик районы алслагдсан
суурин газруудад зорчигчид ба ачааг зэрэг хүргэх боломжтой болжээ.
Шинэхэн Boeing 737-800NG агаарын хөлөг нь
хуучирсан 737-200 загварын онгоцуудыг орлох бөгөөд зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангасан, түлшний зарцуулалт багатай, нисэх
хүчний орчин үеийн электрон төхөөрөмжөөр тоноглогдсон ба хиймэл дагуулын
Starlink интернэтийн сүлжээнд холбогдсон байна.
Агаарын тээврийн Air Inuit
компанийг Нунавик районы уугуул иргэд болох инуитууд Makivvik корпорацаар
дамжуулан 100 хувь эзэмшдэг байна.
Өдгөө 36 нисэх онгоц, 1175 ажилтантай, 1978 онд байгуулагдсан тус компани Нунавикийн
эргийн дагуух 14 суурин
газрыг Канадын бусад муж, хотуудтай холбодог юм.
Улаанбаатар