ЗАВХАН: Анагаах ухааны уламжлалыг тээгч "Цэцгийн хүрээ"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-16 17:17:38

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Яруугийн хүрээ, Дашпунцаглин хийдийн голлох дацангуудын нэг болох Мамба дацан нь Монголдоо төдийгүй Ази, Энэтхэг, Герман зэрэг оронд алдаршсан байжээ.


Энэхүү дацантай холбоотой сонирхолтой түүхийг Яруугийн хүрээнд зургаан настайгаасаа 30 нас хүртлээ шавилан суусан лам Дуламын Дашренчин гуай аман яриандаа өгүүлсэн байдаг. Түүний дурсамж, аман яриаг 2007 онд “Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн баг тэмдэглэн авчээ.


Анагаах ухааны гол төв болсон Мамба дацанд алдар цуутай Адарсүрэн, Чунаг, Тогмид, Түдэв, Санжжав, Лувсанцэрэн, Цэрэндорж зэрэг оточ нар сууж, дотоод гадаадын олон арван хүнийг эмчлэн анагааж байв.


Түүгээр ч зогсохгүй тус дацан нь Богд эзнийг эмийн бодис, эмийн ургамлаар тогтмол хангадаг байсан тул зарим үед “Цэцгийн хүрээ” хэмээн нэрлэгдэж байжээ. Яруугийн хүрээний олон дацан, сургууль өөр өөрийн чиглэлээр эрдэм номтой лам нарыг бэлтгэж, Энэтхэг, Төвөдийн мэргэдийн зохиол бүтээлийг орчуулах, тайлбарлан таниулах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байсан байна.


Мөн шашны гүн ухааны сэдвээр зохиол бүтээл туурвиж, өндөр боловсрол, мэдлэг ухаанаараа нутаг хошуу төдийгүй Монгол даяар алдар нэр нь түгсэн маарамба, оточ лам нар эндээс олноор төрөн гарсан нь олон эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Мамба дацангийн лам хуврагууд эмийн ургамлын шид, анагаах увидасын тухай суралцахын зэрэгцээ ургамлыг хэрхэн таньж мэдэх, хаанаас хэзээ түүх, бэлтгэхдээ ямар өдөр судар харах, ямар улиралд түүдэг зэрэг уламжлалт нарийн дэг жаягийг гүнзгий эзэмшдэг байсан байна.


Эдгээр дацангуудын сургалтаар буддын номлолыг голлон Энэтхэгийн их таван ухаан, бага таван ухаанд тулгуурлан зааж, хурал номын ажлыг гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэхийг зорьдог байжээ. Сургалтын үндсэн арга нь 5-14 настай хүүхдүүдийг хийдэд шавилан суулгаж, оюун ухаан, ой тогтоолт хурц байх үед нь ном судрыг цээжлүүлэн уншуулж, танин мэдүүлэн сургах, харин нас бие гүйцэхийн хэрээр учир шалтгаан, гүн ухааны тайлбарыг нарийвчлан таниулахад чиглэж байв.


Мөн өөр хооронд нь ном хаялцуулах буюу мэтгэлцэх, маргалдах аргаар оюун ухаан, сэтгэх чадвар, ой тогтоолтыг нь хөгжүүлдэг байсан тухай дээрх баримтад дурджээ. Өдгөө энэхүү сургалт, түүхтэй холбоотой зарим баримт, эд өлгийн зүйлс Завхан аймаг болон Яруу, Алдархаан сумын музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Яруугийн хүрээ нь Завхан аймгийн төв Улиастай хотоос баруун тийш 17 км-т

Яруугийн голын эрэг Улиастай-Донойн нисэх буудлын замын урьд талд төвхнөж байжээ.

1867 онд Яруугийн хүрээ-Дашпунцаглин хийдийг Манжийн захиргааны үед цэргийн цайзын зориулалтаар ашиглаж байсан Алдар толгойн орчим дахь шавар хэрэм дотор байгуулжээ.

Энэхүү хүрээ нь Цогчин, Дүйнхор, Гүнрэг, Мэгзэм, Мамба, Жүд, Майдар, Чойжинлин, Норовлин, Гүнчиглин, Санданлин, Гацаалан, Дордов, Баруун, зүүн Шадублин, Пэлжээлин, Даландаржаалин гэсэн 17 дуган, 14 суварга, 13 жастай бөгөөд эхэн үедээ 813, тарах үедээ 2000 орчим лам хувраг үлэмж хэмжээний мал хөрөнгөтэй байжээ.

Гэрэл зургуудыг: П.Баатарзориг 

Холбоотой мэдээ