ХОВД: Мөсөн сурын харваагаар 100 гаруй хүн хичээллэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-16 16:54:50

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ховдынхон өвлийн улиралд Хар-Ус нуур болон Ховд, Буянт голыг түшиглэн аялал, тэмцээн, мөсний баяр зэргийг зохион байгуулдаг уламжлалтай.


Онцлоход, мөсөн сурын харвааг өвлийн улиралд 10 гаруй удаа зохион байгуулдаг.  


Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бол мөсний сурын харваа юм.


Сүүлийн жилүүдэд Ховдынхон мөсөн сурын харвааг хөгжүүлэхэд анхаарч, харваачид ур чадвараа дээшлүүлсээр байна. Одоогийн байдлаар тус аймагт мөсөн сурын харваагаар хичээллэдэг 100 гаруй харваач бий


Мөсөн сурын харвааг өвлийн хүйтэнд буюу идэр ес эхлэхэд тоглоод ес дуусахад хаадаг уламжлалтай.  Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын 22-нд мөсөн сурын харваа эхлэх ба 81 хоногийн хугацаанд үргэлжилнэ.


Зөвхөн эрчүүд харвадгаараа онцлогтой.


Монголын уламжлалт нум сум харвах тэмцээнд уухайлдаг өвөрмөц ёс бий. Уухай нь харваачдыг хөгжөөж, урам зориг өгөх дуудлага болдог. Мөсөн сур харвахад тус аялгууг нэг удаад гурван удаа эгшиглүүлдэг бөгөөд монголчууд эртнээс уухайг хийморь сэргээж, жавар үргээдэг хэмээн бэлгэшээдэг.


Ховдынхон мөсөн сурын харвааг Хар-Ус нуур болон Буянт гол дээр голчлон зохион байгуулж иржээ. Энэ жилийн хувьд ес эхэлснээс хойш хоёр удаа тэмцээн зохион байгуулсан бөгөөд гурав дахь удаагийн тэмцээнийг маргааш (2026.01.17) Хар-Ус нуур дээр хийнэ.


Тэмцээнд баруун бүсийн таван аймгаас 200 гаруй харваач урьдчилан бүртгүүлсэн бөгөөд маргааш уг тэмцээн багийн харваа төрлөөр эхлэх юм.

 

Холбоотой мэдээ