ӨВӨРХАНГАЙ: Морьт харвааг сэргээж, хөгжүүлэхэд онцгой анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-16 16:55:21

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Арвайхээр сумын ЗДТГ морьт харвааг сэргээж, хөгжүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.


Өнгөрсөн зун анх удаа зохион байгуулсан “Арвагар хээр-Адууны баяр” наадмаар морьт харвааны үзүүлбэр, тэмцээнийг зохион байгуулсан нь энэ өв уламжлалыг сэргээн таниулж, хойч үедээ өвлүүлэх, уламжлалт харвааны арга барил, техник эзэмшүүлэх, хүүхэд залуусыг хүлэг мориндоо дурлах, хайрлахад чухал ач холбогдолтой байв.


Үүний хүрээнд “Арвайн дайчид” клуб байгуулж, улсын аваргын хүрэл медальт Т.Ганчимэгээр 12 хүүхдийг морьт харвааны спортоор бэлтгэн сургасан юм. Клубийн тамирчид богино хугацаанд хурд, ур чадвараа ахиулж, Монголын морьт харвааны клубүүдийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон шагналт байруудыг эзэлжээ.


Мөн багш, дасгалжуулагч Т.Ганчимэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанбутанд зохион байгуулсан “Дээдсийн ан” морьт харвааны тэмцээнд амжилттай оролцож, “Кбак” төрөлд аваргын алтан медаль хүртсэн байна.


Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбооны тэргүүн Н.Даваадоржтой санал солилцож, морьт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Морьт харваа нь манай үндэстний түүх, өв соёл, спортын салшгүй хэсэг юм. Нүүдэлчдийн ахуйд морин дээрээс харвах нь зөвхөн цэрэг дайнд, ан гөрөө хийхэд хэрэгтэй арга бус, амьдралын хэв маяг, өдөр тутмын дадал байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Орчин үед энэ уламжлал спортын хэлбэрээр хөгжиж, залуу үеийг монгол ёс, соёлоор холбох чухал хэрэгсэл болж байна. Морьт харваачид 10 секундэд 150 метр замыг давхин туулах замдаа дөрвөн байд сум тавьдаг.


Түүхийн хуудаснаас харахад Хүннүгийн Шаньюй нар морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээс харвах намнахад ихэд анхаарч байсан байна. 800 гаруй жилийн тэртээд Чингис хааны цэргүүд морин дээл дээр уухайлан дайтахын зэрэгцээ зэвт сум тавьж, эрхий мэргэнээ сорьдог байсныг түүх гэрчилнэ. Тиймээс морьт харваа бол монгол түмний бахархал, язгуур соёлын салшгүй хэсэг билээ.


Холбоотой мэдээ