АНУ-ын Элчин сайдын яамны 3 ажилтан "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдаанд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан олон улсын чанартай болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Өнөө жилийн тухайд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг орны 25 оролцогч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны гадаадын иргэдийн ангилалд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тусгай байр эзэлсэн юм. Өчигдөр болсон, уралдааны шагнал гардуулах ёслолын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Жон Конард шагналыг нь гардан авав. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм.
Тэрбээр, “Манай яамнаас энэ жил гурван хүн энэхүү уралдаанд оролцсон юм. Тэд монголын уламжлалт бичгийг сурахын тулд нэг жил гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Элчин сайд болон хоёр ажилтны хувьд бичих, бүтээлээ хийхэд ойролцоогоор нэг сарын хугацаа зарцууллаа. Нэг бүтээлийг олон дахин засаж, дахин дахин туршиж илүү сайжруулахыг зорьсон тул багадаа нэг сар болдог юм билээ. Элчин сайд Ричард Буанган Монгол Улсад бараг гурван жил болж байгаа. Анх ирсэн цагаасаа л хэлний багш нартайгаа хамтран монгол хэлийг сурч эхэлсэн. Монгол бичгийг нэг жилээс илүү хугацаанд тууштай сурч байгаа юм. Энэ уралдаанд оролцсондоо маш их баяртай байгаа. Анх эхэлж байсан үеэсээ хэчнээн их зүтгэл гаргасныг нь би сайн мэднэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд бичих ур чадвараа сайжруулах, илүү уран бичиж сурахын төлөө ихээхэн хичээсээр байгаа. Монгол хэлээр мэндчилгээ, энгийн бичвэрүүд бичиж чаддаг болж байгаа нь том ахиц юм.
Элчин сайд маань Монгол Улсад ажиллаж байхдаа төдийгүй боломж гарвал цаашид ч монгол бичгийг үргэлжлүүлэн сурах хүсэлтэй байгаа. Монгол бичиг маш хэцүү учраас энэ хэмжээнд сурч чадсандаа бахархалтай байсан тул энэ уралдаанд оролцохыг хүссэн. Маш өндөр түвшний чанартай бүтээл үзэсгэлэнд олон байна. Оролцогч бүрийн бүтээл өөр өөрийн онцлогтой. Нэг оролцогч бүсгүй зураг зурж, Монголын хээр тал, уулс, говийн байгалийг дүрсэлж түүн дээрээ монгол бичгээр бичихэд нэг сар гаруй хугацаа зарцуулсан байна. Түүний хувьд зургаа зурчихаад дээр нь алдаа гаргахгүй бичнэ гэдэг маш их айдастай байсан болов уу” хэмээн ярилаа.
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 18-ныг хүртэл олны хүртээл болно.
Тус үзэсгэлэнгээс "Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол
бичигтнүүд” ангиллын шилдэг бүтээлүүдийг үзэх боломжтой. АНУ-ын Элчин сайдын яамнаас оролцсон оролцогчдын бүтээлийг танилцуулъя.




Улаанбаатар