В.Зеленский: Бидэнд санхүүгийн бодит дэмжлэг хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-17 09:45:31

КИЕВ, 2026 оны нэгдүгээр сарын 17 /DW/. Украины төлөөлөгчид АНУ-д очихоор хэдийн замд гарсан бөгөөд ойрын өдрүүдэд Ерөнхийлөгч Д.Трампын томилсон хүмүүстэй уулзалт хийнэ гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский Чехийн Ерөнхийлөгч П.Павелтай уулзах үеэрээ мэдэгдлээ.


Эдгээр уулзалтын дараа Америкийн талтай хамтран боловсруулсан баримт бичгүүдийн агуулга үзэл санаа, мөн Оросын талын өгөх хариу илүү тодорхой болно хэмээн найдаж байгаагаа В.Зеленский илэрхийлжээ. Түүний хэлснээр, аюулгүй байдлын баталгаа олгох, Украиныг сэргээн босгохтой холбоотой зарим материалыг гүйцэд боловсруулах шаардлагатай байна. Хэрвээ бүх зүйл бэлэн болбол 19-23-ны өдрүүдэд Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гарын үсэг зурж магадгүй ажээ.


“Өнөөдөр яаралтайгаар гарын үсэг зурах нь гол  нь бус харин дайны дараа Украин улсыг “өлсгөлөн, хөл нүцгэн” үлдээхгүйн тулд бидний түншүүдтэйгээ ярилцсан бүх зүйлийг тусгах нь чухал. Бидэнд санхүүгийн бодит дэмжлэг хэрэгтэй байна” гэж Украины Ерөнхийлөгч хэллээ. Санхүүгийн дэмжлэг гэдэг нь Украиныг сэргээн босгохын тулд 10 жилийн хугацаанд 800 орчим тэрбум долларын зээл тусламж үзүүлэх тухай асуудал юм.  


Мөн Чехийн Ерөнхийлөгчтэй хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр В.Зеленский хэлэхдээ, Украины тал агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан  пуужингуудын шинэ багцыг хүлээн авсныг мэдэгдлээ. Өмнө нь пуужингуудыг нийлүүлээгүй учраас системүүдийг ашиглах боломжгүй байжээ.


Өнгөрсөн лхагва гарагт Д.Трамп мэдэгдэхдээ, Украины тал энхийн гэрээ байгуулахад төдийлөн бэлэн биш байна гэжээ. Харин В.Зеленский хэлэхдээ, Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтэц рүү пуужин, дроноор довтолсоор байгаа нь энхийн гэрээ байгуулахыг Москва огтхон ч хүсэхгүй байгааг гэрчилж байна гэв. 

Холбоотой мэдээ