Дембеле дубль хийснээр багаа ялалтад хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-17 10:56:07

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 17 /РИА Новости/. Францын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 18 дугаар тойрогт Парис хотын "Пари Сен-Жермен" баг “Лилль” багийг хожсоноор тэмцээний хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ.


Парис хотноо болсон тоглолт 3:0 харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ.


Тоглолтын 13 дахь минутанд “Алтан бөмбөг”-ийн эзэн Усман Дембеле торгуулийн талбайн гадна байхдаа Витиньягийн дамжуулсан бөмбөгийг аваад 23 м-ийн зайнаас хаалганы зүүн буланд оновчтой цохилт хийж тооны харьцааг нээв. 64 дэх минутанд 16 м-ийн торгуулийн талбайд орж ирсэн тэрбээр хагас хамгаалагч Дуэгийн дамжуулсан бөмбөгийг авах үед "Лилль"-ийн гурван хамгаалагч түүнийг зогсоохоор оролдсон боловч бөмбөгийг хаалгач дээгүүр давуулан гоёмсог гоол орууллаа. Энэ бол хагас хамгаалагч Дембелегийн Францын дээд лигт тоглохдоо оруулсан 40 дэх гоол юм. Тэрбээр 2023 оны зун ПСЖ-д иржээ.


Парисчуудын гуравдахь гоолыг шүүгчийн өгсөн нэмэлт цагт /90+3/ Брадли Барколя оруулсан байна.


“ПСЖ”-ийн орос хаалгач Матвей Сафоновын зүүн гарын яс хугарсан тул энэ удаагийн тоглолтод оролцсонгүй. Тэрбээр Тив хоорондын цомын тэмцээний финалд Бразилын “Фламенго”-той хийсэн тоглолтын үер гэмтэл авсан юм. Энэ тоглолтод Сафонов 11 м-ийн 4 цохилтыг дараалан хаасан билээ.


Одоогийн байдлаар ПСЖ баг 42 оноотойгоор Лига 1-ийн тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бөгөөд дөрвөн тоглолт дараалан хожигдоогүй байна. Харин 32 оноотой “Лилль” баг дөрөвдүгээрт бичигджээ.  


Дараагийн 19 дүгээр тойрогт парисчууд 23-ны өдөр “Осер” багтай талбайд нь тоглох бол “Лилль” баг 25-нд “Страсбург”-ийг талбайдаа хүлээн авна.  

Холбоотой мэдээ