Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуулийн 48 төслийг хэлэлцүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2026-01-17 11:54:20

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжоор олгосон чиг үүргийн хүрээнд 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор хуулийн 48 төсөл, УИХ-ын тогтоолын таван төсөл, Байнгын хорооны тогтоолын найман төслийг хэлэлцэн, шийдвэрлэжээ.   


Хууль тогтоолын төслүүдийн талаар:

Тус Байнгын хороо Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Тухайлбал, Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн оны 12 дугаар сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.


Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгаа нь малчдын малын хорогдлын босго үзүүлэлтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр өндөр тогтоосноос малчид даатгуулсан ч нөхөн төлбөр авч чаддаггүй байна. Иймд уг даатгалд малчин өрхийн 11-18, нийт малын 7-10 хувийг хамруулсан нь төрөөс хэрэгжүүлж буй бодлогын зорилт төдийлөн хангагдахгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлд нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5.0 хувь, түүнээс нэмэх 1, хасах 1 болгон бууруулахаар тусгаснаар улсын хэмжээнд 120 сум 4.0 хувь, 155 сум 5.0 хувиар тогтоож, малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болжээ. Түүнчлэн малчдад даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгох зохицуулалтыг тусгаснаар даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах, даатгалын хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой аж.


Мөн Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сард өргөн мэдүүлсэн УИХ-ын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Төсвийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн санал, дүгнэлт гарган  чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Тус тогтоолоор улаанбуудайн гурил, тэжээлийн хөх тариа, арвай, овьёос, эрдэнэшиш, үр тариа, буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх, эсвэл бусад боловсруулах явцад гардаг хорголжилсон, эсхүл хорголжлоогүй хивэг, үртэс, бусад үлдэгдлийг  Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортоор оруулахад 15 хүртэлх хувийн хязгаарт багтаан гаалийн албан татварыг тогтоох эрхийг Засгийн газарт олгов. Тогтоол баталснаар тариалангийн үйлдвэрлэлийн нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох эрсдэлийг сэргийлжээ.


Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд  үргэлжлүүлэн хэлэлцүүлэх аж.  


Хяналт, шалгалтын ажлын талаар:

Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 2019 оны 41, 2020 оны 46, 47  дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын 2025 оны 7 дугаар сарын захирамжаар байгуулан ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэг гишүүдэд Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Эрдэнэболд нар ажиллажээ. Засгийн газраас “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг баталж, УИХ-ын “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 2020 оны 46 тогтоолын хүрээнд байгалийн нөөц, дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан 19 газрын хил заагийг тогтоов. Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20.8 хувьд хүрчээ. 


Нийтийн сонсгол, хэлэлцүүлгийн талаар:

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороотой хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг өнгөрсөн есдүгээр сард Төрийн ордонд зохион байгуулсан. Үүнд Ховд аймгийн Мянгад сумын 46, ТББ-ын 9, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын 8, иргэн хуулийн этгээдийн 33, шинжээч 11, төрийн байгууллагын 24 төлөөлөл, нийт 131 оролцогч оролцсон.

Түүнчлэн "Усны нөөцийг хамгаалж, цөлжилтийг бууруулах арга хэмжээ" хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сард зохион байгуулж, “Усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах цөлжилтөөс хамгаалах арга хэмжээ”, “СОР-17 Цөлжилтийн конвенцийн талуудын бага хурлын зохион байгуулалт”, “Бэлчээр хамгаалалын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт мэдээллийг сонсож, цаашид байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг хэлэлцжээ хэмээн УИХ-ын ХМОНХГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ