“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн зочид буудал барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү дагуул хотыг нийслэлээс 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар төлөвлөөд байгаа.
Энэ хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад
нийцсэн транзит зочид буудал барих юм. Үүнтэй холбоотой нийслэлийн Засаг даргын
Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
Т.Даваадалай, Хүннү хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр
нар төслийн талбайд ажилласныг НЗДТГ-аас мэдээлэв.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь өнгөрсөн онд транзит
зорчигч 45 мянгыг хүлээн авчээ.
Т.Даваадалай “Нисэх буудалд суурилсан “Аеротрополис” буюу
дагуул хотыг хөгжүүлэх стратегийн зорилт, олон улсын транзит зочид буудал барих
эрэлт хэрэгцээнд тулгуурлан төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
Транзит зочид буудал ашиглалтад орсноор манай улс Азийн бүс нутгийг холбосон
агаарын тээврийн HUB болох боломжтой”-г онцоллоо.
Тус транзит зочид буудлыг 3.3 га талбайд барихаар төлөвлөж,
худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий иж бүрэн төлөвлөж, 25 мянган м.кв
талбайд таван давхар барилга барихаар зураг төслийг боловсруулжээ. Мөн зочид
буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай 350 метр урт бүхий хоолойгоор
холбож, зорчигчдыг шууд хүлээн авч зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Хүннү” дагуул хотын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс
байгуулж, олон улсын үйл ажиллагаа, үзэсгэлэн, дата төв, мэдээлэл технологийн
кластер зэрэг бүсчлэлийг хөгжүүлнэ. Ингэснээр нисэх буудлыг даган бий болдог
төрөл бүрийн үйлчилгээ, бизнесийн экосистемийг бүрдүүлэх ач холбогдолтойг Хүннү
хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр тодотголоо.
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд одоогоор давхардсан
тоогоор 2000 гаруй хүн ажиллаж байгаа тул ажиллагсдад зориулсан орон сууц,
сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай
байгаа ажээ.
Улаанбаатар