ГОВЬ-АЛТАЙ: “Их говийн чимэг” тэмээчдийн баяр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Их говийн чимэг” тэмээчдийн баяр өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд болж байна.
Говь-Алтай аймаг нь Монгол Улсын тэмээн сүргийн тархац, өсөлт үржил, үйлдвэрлэлээрээ онцгой байр суурь эзэлдэг бүс нутаг юм. Их говийн хуурай, эрс тэс уур амьсгал, элсэнцэр хөрс, ургамлын сийрэг тархац нь тэмээ маллахад нэн тохиромжтой байгалийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Тус аймагт өсгөн үржүүлж буй тэмээ нь мах, сүү, ноосны гарц ихтэйгээс гадна байгаль, цаг уурын аливаа хүндрэлд дасан зохицох чадвартай, тэсвэр хатуужил сайтайгаараа онцлог юм.
Энэ хүрээнд Алтай суманд зохион байгуулж буй “Их говийн чимэг” тэмээчдийн баяр нь тэмээ маллагааны уламжлал, өв соёлыг сурталчлахын зэрэгцээ малчдын туршлага солилцох, залуу үед тэмээчний соёлыг өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.
Мөн тэмээн сүргийн үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх нь Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуй, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн чухал тулгуур салбар хэвээр байхыг “Их говийн чимэг” тэмээчдийн баярын нээлтийн үеэр Алтай сумын Засаг дарга Г.Гансүх онцлон тэмдэглэв.
Улаанбаатар