ДОРНОД: Сүүлийн 34 жилд 30 гаруй мянган га талбайд тариалалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-17 13:55:53

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Манай улс 1992 онд 657 мянган га талбайд, Дорнод аймаг 33 мянга гаруй га талбайд ургац тариалж байжээ. Харин ноднин намар Дорнод аймаг 31,627 га-д тариалалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 34 жилийн хугацаанд Дорнод аймгийн эргэлтийн талбай 30 гаруй мянган га байсаар ирсэн, бүрэн уналтад орсон энэ салбар одоо л 1992 оны хэмжээнд очиж байна гэсэн үг юм.


Тухайн үед Дорнод аймаг 33,230 га-д үр тариа тариалж, 19,380 тонн ургац хураан авч байв. Харин 31,285 га-д буудай тариалж, 18,923 тонн ургац хураан авч байжээ. Хүнсний ногооны хувьд 67.6 га-д тариалж, 202 тонныг, 267 га-д төмс тарьж 1208 тонныг хураан авч байсан гэж Монгол Улсын ХАА-н статистикийн эмхэтгэлд дурдсан байна. 


Ноднин намар Дорнод аймаг 19.6 мянган га-д үр тариа, 7.5 мянган га-д малын тэжээл, 5.2 мянган га-д тосны ургамал, 171.2 га-д төмс, 206 га-д хүнсний ногоо, 116 га-д жимс, жимсгэнэ тариалжээ.

Холбоотой мэдээ