СЭЛЭНГЭ: Мөсөн сурын олон улсын тэмцээн Ерөө суманд эхэллээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Ерөө кап-2026” мөсөн сурын олон улсын тэмцээн дөрөв дэх жилдээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Дааган дэл хэмээх газарт өнөөдөр багийн харваагаар эхэллээ.
Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн төрөл мөсний сурын харвааг нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг таниулах, уламжлалаа сэргээх, харваачдын ур чадварыг сайжруулах, иргэдийг спортоор хичээллүүлэх зорилгоор болж байгаа юм.
Мөсөн сурын харваа нь монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, хурц хараа, түргэн сэтгэх чадвар, бие бялдрын хөгжил, төлөвшлийг илэрхийлдэг уламжлалт спорт бөгөөд өнөө үед ч тасралтгүй хөгжсөөр байна.
Тэмцээнийг Монголын мөсөн сурын холбоо, Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Ерөө болон Хүдэр сумын ИТХ, ЗДТГ, Ерөө сумын Соёлын төв, “Хан буурагчингийн мэргэд” харваачдын холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөсөн сурын олон улсын энэхүү тэмцээнд Хөвсгөл, Дархан-Уул, Эрдэнэт, Улаанбаатар, Сэлэнгээс 150 гаруй харваач оролцож байгаа бөгөөд тэмцээн маргааш цуваа харвааны төрлөөр үргэлжилнэ.
Улаанбаатар