Ерөнхий сайдаас хамгийн олон иргэн эрүүл мэндийн салбарын тухай асуужээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНРТ-ээр олон нийттэй өнөөдөр шууд ярилцаж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Иргэдээс ирүүлсэн асуултыг хиймэл оюунаар ангилахад ихэнх хувь нь эрүүл мэндийн салбарын талаар буюу эмнэлгийн үзлэгийн дугаарлалт, хүртээмж, үйлчилгээний чанар, эмч нарын цалин урамшууллын тухай байжээ. Мөн үүнээс дутахаагүй олноор ирсэн асуулт нь цалин, тэтгэвэр бага, нэмсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг, бизнес эрхлэгчдэд тулгарч буй татварын дарамт шахалт их, мөн тусгай зөвшөөрөл, зээл тусламжийн бодлогын зохицуулалт хангалтгүй байгаа тухай байв. Түүнчлэн орон сууцны үнэ, түрээс өндөр байгаагаас зээлд хамрагдаж чаддаггүй, шинэ хотхонуудын ойролцоо сургууль, цэцэрлэг хангалтгүйн дээр, нэг багшид ногдох хүүхдийн тоо олон байгаагаас боловсролын чанар муу зэрэг асуудлууд ч их хөндөгдлөө.
Өнгөрсөн мягмар гаргаас эхлэн И-Монголиа систем, 11-11 төв, МҮОНРТ-ийн цахим хуудас болон утсаар иргэд олон нийтээс санал авахад 9000 гаруй асуулт ирүүлжээ.
Үүнд АНУ, Чех, БНСУ, ИБУИНВУ дахь монголчууд, Ховд,
Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Орхон, Архангай, Төв зэрэг арваад аймаг
дахь сурвалжлагчид, мөн МҮОНРТ-ийн гадна студи нийслэлийн Нарантуул худалдааны
төв, Сүхбаатарын талбай, автобусны буудал зэрэг таван байршилд иргэдтэй
холбогдож, асуулт, саналыг нь шууд нэвтрүүлгийн үеэр хүргэсэн юм. МҮОНРТ-ийн студид болсон Ерөнхий сайд Г.Зандаршатарын шууд ярилцлагад мэргэжлийн холбоод,
төрийн байгууллага, бизнес эрхлэгч, иргэдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
Санал ирүүлсэн иргэдийн 59 хувь нь эрчүүд байснаас гадна 31-60 насны иргэд нийт асуултын 80 гаруй хувийг бүрдүүлжээ. Хамгийн олон асуулт илгээсэн нь Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийнхан байлаа.
Улаанбаатар