Нигерийн шигшээ баг 9 дэх удаагаа хүрэл медаль хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-18 07:21:16

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 18 /РИА Новости/Мароккод үргэлжилж буй Африкийн цомын тэмцээний гуравдугаар байрын төлөөх тоглолтод Нигери улсын хөл бөмбөгийн шигшээ баг Египетийн багийг хожсоноор хүрэл медаль хүртлээ.


Тоглолтын үндсэн цаг 0:0 харьцаагаар дууссан тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад нигеричууд 4:2-оор давамгайлжээ. Египетийн шигшээгээс Английн “Ливерпүүл”, “Манчестер Сити” багуудад тоглодог Мохамед Салах, Омар Мармуш нар 11 м-ийн цохилтыг алдсан байна. Нигерийн шигшээгийн бүрэлдэхүүнд өмнө нь Москвагийн ЦСКА-д тоглож байсан, 2024 оноос Испанийн “Севилья”-д тоглож буй 25 настай хагас хамгаалагч Чидера Эжуке багтжээ.


Египетийн багийг хожсоноор нигеричүүд Африкийн цомын хүрэл медалийг 9 дэх удаагаа хүртэж байна. Тэд хамгийн сүүлд 2019 онд III байрт шалгарчээ. Нигерийн шигшээ түүхэндээ 3 удаа Африкийн цомыг өргөж, 5 удаа мөнгөн медаль хүртсэн байна.


Хөл бөмбөгийн Африкийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу ням гарагт өндөрлөнө. Финалд Сенегалын шигшээ баг ба талбайн эзэн мароккочууд үлдээд байна. 

Холбоотой мэдээ