Б.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн зарлиг уламжлалт анагаах ухаанд шинэ түлхэц өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 19
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар сумын “Асгатын дов” уламжлалт эмнэлгийн их эмч Б.Мөнх-Эрдэнэтэй
ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх чиглэл өгч буйг та хэрхэн хүлээн авч байна вэ?
-Маш их талархалтайгаар хүлээн авч байна. Энэ зарлиг нь Монголын уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Ер нь монголын нийт уламжлалтын эмч, сувилагч, эрдэмтэн, багш нар бүгд талархан дэмжиж байгаа болов уу гэж бодож байна.
-Төрийн тэргүүний түвшинд энэ салбарыг онцлон дэмжиж буй нь уламжлалт анагаах ухаанд ямар шинэ боломж нээж байна гэж та үзэж байна вэ?
-Төрийн тэргүүний зүгээс манай салбарыг онцлон дэмжиж буй нь уламжлалт анагаах ухаанд хөгжлийн шинэ хандлага, шинэ боломжийг нээж байна. Ш.Болд академичийн хэлсэнчлэн, энэ нь салбарын хөгжлийн чухал хөшүүрэг болох байх гэж бодож байна.
-Өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухаан ямар түвшинд байна вэ? Хөгжлийнх нь хамгийн эмзэг цэг юу байна?-Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухааны онол, эмнэл зүй, уламжлалт эм судлал, бүтэц зохион байгуулалтын чиглэлд олон дорвитой ажлууд хийгдсэн. Бүх дүүрэг, аймгийн төвүүдэд хэвтэн эмчлүүлэх болон үүдэн эмнэлгүүд олноор байгуулж, мэргэшсэн эмч, сувилагч нараар хангагдсан байна.
Гэсэн хэдий ч иргэдийн дунд уламжлалт анагаах ухааныг ардын эмнэлэгтэй холбож, нэгэн ижлээр ойлгох ойлголт түгээмэл хэвээр байна. Иймд уламжлалт анагаах ухааныг нийтийн хүртээл болгох, зөв ойлголт өгөх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах тал дээр мэдээллийн хэрэгслүүд болон салбарын удирдлагууд идэвх санаачилга гаргах шаардлага их байна. Ерөнхийлөгчийн зарлигт Засгийн газарт энэ талаар чиглэл өгсөн нь маш олзуурхууштай явдал болж байна.
-Орчин үеийн анагаах ухаантай харьцуулахад уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлог юунд оршдог вэ?
-Орчин үеийн анагаах ухаантай харьцуулахад уламжлалт анагаах ухааны гол давуу тал нь хүнийг эмчлэхдээ нэгэн цогц байдлаар авч үздэгт оршино. Энэ үзэлд тулгуурлан бие, хэл, сэтгэл гурвыг эрүүл байлгаж, хүн эрүүл байх зарчмыг баримтлан эмчилгээ хийдэг.
Уламжлалт эм тан нь цэвэр байгалийн гаралтай, бие махбодид сайн шингэж, эмийн гаж нөлөөгүй, хэт дасал үүсгэдэггүй. Ийм учраас химийн гаралтай шахмал эмээс давуу талтай. Монгол эм тан нэгэн зэрэг 5-6 эрхтэн системд эмчилгээний нөлөө үзүүлдэг.
Ерөнхийдөө уламжлалт анагаахын эмчилгээний аргууд нь архаг хууч өвчнийг анагаахад европ эмнэлгийн аргуудыг бодвол үр дүнтэй байдаг. Орчин үеийн эмнэлгийн эмчилгээ ихэвчлэн өвчин намдаах, өвчлөлийн хурц үеийг намжаах, шинж тэмдгийг бууруулахад төвлөрдөг. Харин уламжлалт анагаахын аргуудыг зөв зохистой хослуулан хэрэглэснээр шинж тэмдгийг дарахаас гадна өвчний шалтгаанд нөлөөлж, эмгэг явцыг зогсоох боломжтой давуу талтай.
-Иргэдийн уламжлалт анагаах ухаанд хандах итгэл, хандлага сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд иргэд уламжлалт эмнэлгээр үйлчлүүлэх нь тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэвч иргэдийн дунд “гам сахих” гэсэн хуучирсан ойлголт одоо ч түгээмэл хэвээр байна. Эмчилгээний үе болон дараах гам дэгийг баримтлах шаардлага европ эмчилгээний үед ч байдаг бөгөөд зарим хүмүүс үүнийг дагаж чадахгүй байх гэсэн хоосон айдсаас болж эмчилгээ авахыг хойшлуулдаг тохиолдол байдаг. Нөгөө талаас уламжлалт болон рефлекс эмчилгээний үйлчилгээ Монголд олширсноор иргэд эмчээ сонгох боломжтой, хүртээмжтэй болсон нь эерэг өөрчлөлт болж байна.
-Уламжлалтын их эмч бэлтгэх өнөөгийн тогтолцоо хангалттай юу, эсвэл шинэчлэх шаардлага байна уу?
-Уламжлалтын эмч бэлтгэх өнөөгийн тогтолцоо асуудалтай байна гэж боддог. Одоогоор Монголд 6 их сургуульд уламжлалтын эмч бэлтгэж байгаа ч сургалтын хөтөлбөрүүд харилцан зөрүүтэй байдаг. Саяхан хөтөлбөрийн зөрүүг арилгах, ижил түвшний сургалтын хөтөлбөрүүдийг мөрдөх болсон.
Монголд “Тэжээхүй ухааны дэг” сургууль 345 жилийн өмнө анх байгуулагдаж, шавь сургалтыг хийдэг байсан түүхтэй. Одоо энэ шавь сургалтыг сэргээх тухай яригдаж байна.
Миний бодлоор эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх бие даасан “Дипломын дараах сургалтын академи”-аар явуулбал илүү үр дүнтэй болох юм. Өмнө нь “Эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт” байсан ч зах зээлийн эхэн үед татан буугдаж, байрыг нь НИК-д шилжүүлсэн. Ийм байгууллага дахин байгуулагдвал эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоо, хүртээмж, чанарыг үнэлэхэд ЭМЯ-д ихээхэн дөхөм болох юм.
-Залуу эмч, судлаачдыг энэ салбарт татахад юу хамгийн их саад болж байна вэ?
-Эмчийн боловсрол зөвхөн дипломоор хязгаарлагддаггүй, байнга суралцаж байх шаардлагатай байдаг нь бусад мэргэжлээс ялгаатай юм. Жишээлбэл, эмч хүн жил бүр 6 кридетийн сургалт, сувилагч 3 кридетийн сургалт авсан байх ёстой бөгөөд ингэснээр эмчилгээ, сувилгаа хийх тусгай зөвшөөрлөө сунгуулдаг. Эмч болохын тулд бакалаврын 6 жилийн сургалт, дараа нь резидентийн 2–3 жил буюу хамгийн багаар бодоход 8 жил шаардлагатай, түүнээс гадна жил бүр кридетээ цуглуулж байх хэрэгтэй.
Энэ нөхцөл нь залуу эмч нарыг халшрах, сурсан мэргэжлээрээ ажиллахгүй байх, ажлаа голж, салбартаа үлдэхгүй байх хандлагыг бий болгож байна.
Мөн цалин бага, ачаалал ихтэй нь залуу мэргэжилтнүүдэд нэмэлт бэрхшээл болдог. Эмчийн мэргэжил зөвхөн мэргэжилдээ дуртай хүний хийх ажил бөгөөд хатуужил, тэвчээр, ёс суртахуун шаарддаг. Иймээс хүүхдүүдэд багаас нь мэргэжлийн баримжаа олгох нь чухал.
Нэгэнт анагаахыг сонгосон бол хүссэн хүсээгүй байнга суралцаж, мэргэшиж, судалгаа хийх шаардлагатай болдог. Ер нь анагаахын мэргэжил хамгийн хүнлэг, үнэ цэнтэй мэргэжлүүдийн нэг юм.
-Уламжлалт анагаах ухааны эмчилгээ, жор, арга ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Монголын уламжлалт анагаах ухаан 5000 гаруй жилийн түүхтэй бөгөөд монголчуудын гайхамшигт өв соёлуудын нэг юм. Саяхан ЭМЯ-нд Уламжлалт анагаах ухааны хэлтэс байгуулсан нь салбарын хөгжилд чухал түлхэц болсон. Бидний өвөг дээдсүүд олон эмийн жор, технологийг өвлөн үлдээсэн.
Сүүлийн жилүүдэд цөөнгүй шинэ эм бүтээсэн бөгөөд уламжлалтын жорууд дээр үндэслэн шинэ эм боловсруулах, эмийн ургамлын нөөцийг сэргээх, тарималжуулах, Монгол болон дэлхийн зах зээлд уламжлалт эм болон биологийн идэвхт бодисыг нэвтрүүлэхэд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газарт өгсөн чиглэл нь дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болох юм. Одоогоор Монгол Улсад 6 уламжлалт эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн голлон ажиллаж байна. Цаашид эрдэмтэн судлаачдаа чадавхжуулах, техник технологио сайжруулах зэрэг олон ажил хүлээгдэж байна.
-Орчин үеийн оношилгоо, технологитой уялдуулан хөгжүүлэх боломж хэр байна вэ?
-Монгол уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Уламжлалтаас бусад чиглэлээр суралцаж буй анагаахын оюутнуудад уламжлалт анагаах ухааны онолын суурь мэдлэгийг заавал олгох хэрэгтэй. Мөн уламжлалтын чиглэлээр суралцаж буй оюутны сургалтын хөтөлбөрт орчин үеийн анагаахын мэдлэгийг 40 хувиас доошгүй эзлэхээр зааж, сургалтын хичээлийн багцад оруулах шаардлагатай. Энэ нь уламжлалтын салбарынхан орчин цагтайгаа хөл нийлүүлж, эмнэлгийн технологийн дэвшлээс хоцрохгүй байх боломжийг бүрдүүлнэ.
Жишээ нь, БНХАУ-д уламжлалт анагаах ухааныг орчин үеийн спортын анагаахтай хослуулан хөгжүүлснээр тамирчдын амжилт эрс сайжирч, тив, дэлхий, олимпын тэмцээнүүдэд байнга эхний байруудад шалгардаг болсон. ОХУ-д ч энэ чиглэлд олон судалгааны ажил хийж байна. Харин манай салбар зарим талаараа хоорондоо сөргөлдөж, хоцрогдсон мэт харагддаг.
Төрийн бодлого зөв чиглэлд явбал амжилтад хүрэхэд маш их нөлөөлдөг тул Ерөнхийлөгчийн зарлиг цаг үеэ олж гарсанд талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье.
-Ерөнхийлөгчийн зарлиг бодит ажил болбол уламжлалт анагаах ухаан ойрын жилүүдэд ямар ахиц гаргах боломжтой вэ?
-Ерөнхийлөгчийн зарлиг бодит ажил болсноор салбарын боловсон хүчний чадавх сайжирна. Уламжлалт эмийн үйлдвэрлэлд ахиц гарах бөгөөд технологийн дэвшил салбарт нэвтрэхэд түлхэц болно. Мөн салбар хоорондын уялдаа сайжирч, Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийн зах зээлд зөвхөн Польш, Оросоор хязгаарлагдахгүйгээр өргөжих боломжтой болно.
Үүнээс гадна монголчууд уламжлалт анагаах ухааныг илүү сайн ойлгож, үйлчлүүлж, эмчилгээний үр дүнг нь хүртэх боломж нэмэгдэнэ.
-Олон жил эмчээр ажилласан хүний хувьд уламжлалт эмчилгээний хамгийн бодит үр дүнг харуулсан жишээнээс дурдвал?
-Уламжлалт эмчилгээний бодит үр дүнгүүд маш их байдаг. Жишээ нь, байнга толгой нь өвддөг, өдөр бүр парацетрамон хэрэглэдэг байсан хүн манай “Асгатын дов” эмнэлэгт зүү эмчилгээ голлосон амбулаторийн багц эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрсэн. Одоо тэр хүн парацетрамон эмээ хоёр жил хэрэглээгүйгээр амьдарч байна. Саяхан таараад “Эртхэн танайхаар эмчлүүлж байхгүй юугаа хийгээд, яагаад тойроод яваад байв даа” гэж хуучилж байсан нь уламжлалт анагаах ухааны бодит үр дүнг харуулж байна.
-Та яагаад уламжлалт анагаах ухааныг сонгож, энэ мэргэжилдээ олон жил тууштай ажиллах болсон бэ?
-Би 1993 онд АУИС-ийн Уламжлалт эмчилгээний анхны 24 төгсөгчийн нэгээр төгссөн. Манай ангийн зургаан оюутан төгсөх үедээ “Дипломын ажил” хамгаалсан нь АУИС-ийн түүхэнд ховор тохиолдол байсан.
Би “Тархины доргилтыг уламжлалт бариа заслаар анагаах болон уламжлалт ясан заслыг боловсронгуй болгох нь” сэдвээр дипломоо хамгаалсан. Маш олон хүн уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэн биеийн байдал нь сайжирч, эдгэрдэг нь намайг энэ мэргэжилдээ тууштай ажиллахад ихээхэн урам зориг өгдөг.
-Ярилцсанд баярлалаа.
Улаанбаатар