К.Валиева мөсөн талбайдаа эргэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-19 15:48:45

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 19 /ТАСС/. Тэмцээнд оролцох эрх нь сэргэсэн уран гулгагч Камила Валиева удахгүй болох Нэгдүгээр суваг телевизийн цомын тэмцээн болон уран гулгалтын үсрэлтийн Оросын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэдгээ Телеграмм олон нийтийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ.  


“Та бүхэндээ дуулгах мэдээ надад байна, би мөсөн талбайдаа эргэн ирлээ. Мэдээж хэрэг, маш их догдолж байна, гэхдээ улсын аварга шалгаруулах тэмцээний үеэрх тамирчин хүний сэтгэл хөдлөлийг мэдрэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Өөрийнхөө шинэ хөтөлбөрүүдээс нэгийг нь Нэгдүгээр сувгийн цомын үеэр толилуулна. Энэ бол миний хувьд онцгой баяр юм. Та бүхнийгээ урьж байна, чухамдаа та бүхний хайр, дэмжлэг намайг урамшуулан зоригжуулж байсан шүү” хэмээн Валиева бичсэн байна.


Уран гулгалтын үсрэлтийн Оросын аварга шалгаруулах тэмцээн /АШТ/ нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд, Нэгдүгээр сувгийн цомын тэмцээн гуравдугаар сарын 18-23-нд Москвад болно.


Эргэн сануулахад, триметазидин гэдэг хориотой бодисыг хэрэглэсэн гэх үндэслэлээр Спортын арбитрын шүүхээс Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан билээ. Ингэхдээ түүний хүртсэн Европын АШТ-ий алтан медаль, Оросын АШТ-ий алт, мөнгө, хүрэл медалиуд, Оросын Гран-При тэмцээний мөнгөн медалийг хүчингүй болгосон юм.


Өдгөө 19 настай Валиева тамирчны замналаа дахин эхлүүлэхээр шийджээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас эхлэн бэлтгэл сургуулилалт хийж эхлэхийг түүнд зөвшөөрсөн байна. Тэрбээр одоо Татьяна Навкагийн багт С.Соколовскаягийн удирдлага дор бэлтгэл хийж байгаа юм. Эрхээ хасуулахаасаа өмнө Этери Тутберизегийн багт хичээллэж байжээ.     

Холбоотой мэдээ