Алтансан: Монгол өв соёл, босоо бичгээ сурталчилж, олонд таниулахыг зорьж явдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-01-19 16:58:17

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн 2025” олон улсын 29-р уралдааны шагнал гардуулах ёслол  энэ сарын 15-ны өдөр болсон билээ.


Уг уралдааныг олон улсын хэмжээнд гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жил гадаадын иргэдийн ангилалд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин нутгийн Шар мөрний уран бичээч боржгин Алтансан тэргүүн байр эзэлсэн юм.


Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс шагналаа гардаж авсны дараа, “Миний бүтээл тэргүүн байр эзэлсэнд маш их баяртай байна. Монгол хүн болж төрснийх өв соёл, босоо бичгээ түгээн сурталчилж, олонд таниулах зорилго тээж явдаг. Өнөөдрийн үзэсгэлэнд олон хүн цугласан байна. Олон сайхан бүтээлтэй танилцлаа. Сэтгэл их хөдөлсөн. Маш сайхан бүтээл олон байна.


Хамгийн гол нь дүү нар, залуучууд, хүүхдүүд монгол соёлоо, босоо монгол бичгээ  нандигнан суралцаж байгааг харах бахархалтай байна.

Монгол уран бичлэгийн уламжлалт соёл, эрдэм мэдлэг улам олон хүнд түгэн дэлгэрэхийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Холбоотой мэдээ