Сайн байна уу, үзэгчид ээ...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-20 12:58:02

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хүүхэд байхад өглөө сэрэх бүрд ээж минь цайгаа чанангаа радио сонсоод суудаг сан. Манайх зурагтгүй болохоор аав маань орой бүр айлд орж, Үндэсний телевизийн мэдээ үзнэ. Би мэдээ уншиж байгаа нэвтрүүлэгч, сэтгүүлчдийг харах гэж аавыгаа дагаж айлд орно. Телевизээр гарсан сэтгүүлчдийг дуурайн, халбага эсвэл үзэг бариад “Сайн байна уу, үзэгчид ээ…” гээд л өөртэйгөө ярьж, заримдаа гэрийнхнийхээ өмнө үг хэлж, өөрийгөө яг л сэтгүүлч болчихсон мэт төсөөлөх их дуртай байж билээ.


Халбагаа микрофон шиг бариад итгэлтэй ярьж зогссон багын дүр зураг зүрхний минь гүнд хоногшиж, намайг үргэлж урагш түлхэж байсан юм. Эцэст нь би мөрөөдлөө биелүүлсэн. Сэтгүүлч болж, жинхэнэ микрофон барьж зогссон. Гэхдээ мэдээж, халбага барьж зогссон охиноос микрофон барьсан сэтгүүлч болоод “Сайн байна уу, үзэгчид ээ...” гэж хэлэх дархан эрхийг өөрөө биш, цай чанангаа радио сонсон суугаа мянга мянган айлын ээж нар, мэдээ үзэх гээд зурагтынхаа удирдлагыг барин суугаа мянга мянган аав нараас олж авдгийг би ойлгосон. Тэгж бодож би мэдээ сурвалжилгаа хамгийн хариуцлагатай хийхийг хичээдэг.   

Сэтгүүлч О.Отгонцэцэг

Холбоотой мэдээ