“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ром хотын Боргезе галерейд нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2026-01-20 08:55:35

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийв.

 

Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун, Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти нар үг хэлэв.


Монгол Улсын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэлтэй “Ногоон дарь эх” хүрэл цутгамал болон “Өндөр гэгээн Занабазар” хүрэл цутгамал зэрэг бүтээлийг “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт үзэсгэлэнд дэлгэжээ. Тус үзэсгэлэнг энэ сарын 20-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл дэлгэх юм.

Харин Турин хотын Дорно дахины урлагийн музейд  “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 2 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 7-ны өдрүүдэд олон нийтэд толилуулна.

 

Энэ өдөр мөн “Чингис хаан” үндэсний музей болон Италийн Соёлын өвийн хүрээлэн хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав гэж Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа ЭСЯ мэдээлэв. 


Чингис хаан үндэсний музей Чингис хаан: Дэлхийг хэрхэн өөрчилсөн нь үзэсгэлэнг Францын Нантын гүнгийн ордонд 2024 онд, Чингис хаан үзэсгэлэнг Чех Улсын Прага хотод 2025 оны 3-6 дугаар сард, Монголчууд: хоёр цаг хугацаа үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотод 2025 оны 10 дугаар сараас 2026 оны хоёрдугаар сар хүртэл, Өндөр гэгээн Занабазар” үзэсгэлэнг Итали Улсын Ром, Туринд 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл цуврал үзэсгэлэнг гаргаж, Монгол Улсын түүх соёлыг одоогийн байдлаар 380 мянга гаруй хүнд таниулан сурталчлаад байгаа аж.


Ташрамд сонирхуулахад, Бүгд Найрамдах Итали улсын Ром хотын Галерей Боргезе музейн барилга анх 1605-1621онд баригдсан бөгөөд барилгын доторх интерьер нь гайхамшигт уран зургууд болон уран баримлуудаар тохижуулсан, нийт 22 танхимтай Ром хотын төвөөс 2.78 км зайтай оршдог байна.





Холбоотой мэдээ