СЭЛЭНГЭ: Улсын өвс тэжээлийн нөөцөөс хуваарилах хүсэлт гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Ажлын багийнхан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга болон гишүүдтэй уулзаж, 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсов.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж улсын өвс, тэжээлийн нөөцөөс Сэлэнгэ аймагт хуваарилах асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжиллаа.
ХХААХҮ-ийн сайд болон дэд сайдаар ахлуулсан ажлын хоёр баг нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэн, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор аймгуудад ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн хувьд 2025 оны 11 дүгээр сараас эхлэн нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас малчид мал сүргээ зудын эрсдэлээс урьдчилан сэргийлж, зах зээлд их хэмжээгээр борлуулж эхэлсэн байна. Үүний үр дүнд нийт мал сүргийн 45 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1.2 сая мал тоолуулжээ.
Аймгийн хэмжээнд байгалийн хадлангийн гарц муу байсны улмаас аймгийн Засаг даргын албан даалгавраар бизнесийн зориулалтаар хадлан бэлтгэх ажлыг хязгаарласан. Үүний үр дүнд малчдын түвшинд 17 суманд 186.8 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс 167.2 мянган тонн буюу 90 хувийн гүйцэтгэлтэйгээр ажилласан байна.
Мөн үйлдвэрийн тэжээл 37.3 мянган тонн бэлтгэхээс 9,478 тонн буюу 25.3 хувийг бэлтгэсэн бол, эрдэс тэжээл 4,485 тонноос 2,868 тонн буюу 64 хувийн гүйцэтгэлтэй бэлтгэжээ. Ингэснээр аймгийн малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээлийн нийт гүйцэтгэл 80.1 хувьтай болсон байна.
Улаанбаатар